О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн та битгий хүн доромжлоод бай
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шүүх ажиллагааг шоронд явуулдгийг болих хэрэгтэй. Ямар ч тохиолдолд шоронд шүүх хурал хийж байгаа хүн цагааддаггүй юм. Тэгээд давж заалдах шатны шүүх хурлын шоронд нь камерын өмнө суулгаж байгаад хийчихдэг. Тухайн иргэн хэзээд нь өөрийнхөө эрхийг хамгаалах юм бэ? Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Баасанхүү хамаагүй юм ярьдаг. Тэрэнд нь хамаагүй хариулах шаардлага гарах юм байна л даа. Шоронд хэргийг таслаад байгаа зүйл байхгүй. Шинээр баригдсан 461 дүгээр ангийн дэргэд шинээр барилга барьж, онцгой тохиолдолд шүүх хурал хийдэг юм. Тоноглогдсон бүх шүүх ажиллагааны дэглэм дүрэм тэнд хэрэгжиж байгаа. Юмыг сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй. Сүүлд нэг хэрэг дээр өмгөөлөгч нар нь нууцын зэрэглэлтэй гээд гарын үсэг зурчихсан. Одоо өмгөөлөгчид юу ч ярьж чадахгүй байна. Гэтэл О.Баасанхүү та энэ асуудал дээр дуугарч байгаа юм уу. Энд суучхаад янз бүрийн юм яриад байх хэрэггүй.
УИХ-ын Ц.Даваасүрэн: Хүн өөрөө өөрийгөө л хамгаална. Сүүлийн үед өмгөөллийн асуудал ноцтой яригдаж байна. Аливаа асуудлыг татаж хэлэлцэх зүйл УИХ-д бий. УИХ онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед алийг нь ч оролцуулахгүй шийддэг болж байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийг С.Баяр, С.Оюун хоёр хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлсэн байна. Энэ бол ноцтой зүйл шүү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн та битгий хүн доромжлоод бай.
НУУЦ.мн