Говийн бага дархан цаазат газарт албаны байрыг даргын хувийн өмчлөлийн газарт бариад...
Нийтэлсэн: 2017-04-11 01:33:44

Одоо тэрхүү хамгаалагчийн нэг загварын байранд нь Хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх нь амьдарч байгаа гэнэ. Бас л сүйхээтэй эр аж. Хэрвээ дарга ажлаасаа буувал хувьсгалын байрыг хувийн газартаа байлгасны хувьд түрээсийн асуудал босож ирэх нь бололтой. Уг нь “Байгаль хамгаалагчийн нэг загварын байр” гэдэг төслийн үр дүнд хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг байгаль хамаалагч тэр байртай болох байсан. Хэрэг явдал өнгөрсөн оны эхнээс эхэлжээ. Тэр үед салбарын яамны сайдын тушаалаар байр барих санхүүгийн эрхийг хамгаалалтын захиргаанд шилжүүлснээр хамгаалалтын захиргаа нь сонгон шалгаруулалт зарлаж байраа бариулжээ. Нийтдээ 24,8 сая төгрөгөөр боссон гэнэ. Хамгаалалтын захиргааны үндсэн хөрөнгийн тайлангийн барилга байгууламжийн хэсэгт дээрх үнэлгээгээр бүртгэгдсэн ч хаана ямар барьсаныг нь тусгаагүй байсан гэнэ. Үнэндээ уг байр нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Бага булагийн 11-2 тоот хаягт байрших, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай иргэн Ч.Батсүхийн хувийн өмчлөлийн газар дээр баригдсан байжээ. Одоогийн дарга нь тэр үед Хамгаалалтын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байсан ч байгаль хамгаалагчид зориулсан байртай болох “азтай” байжээ. Харин даргаар ажиллаж байсан Н.Болд нь “Байгаль хамгаалагчийн нэг загварын байрыг иргэн Ч.Батсүхийн өмчлөлийн газар дээр бариулан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан” гэсэн үндэслэлээр ажлаасаа халагджээ. Ямар ч байсан яаманд матаас ирсэн гэдэг. Н.Болдыг ажлаас халах тушаал гарсан даруйд яамны Төрийн захиргаа удирдлагын газрын бичиг хэргийн н.Бадамжав, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Түвшинбат, Н.Баттулга нар ирж ажлыг нь шууд хүлээлцүүлжээ. Н.Баттулга нь тэр дороо Говийн бага дархан цаазат газрын захиргааны даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Ийнхүү энэ хэргээс болж Н.Болд хамгийн их хохирсон бол Ч.Батсүхэд ашигтай тусжээ. Тэрээр байртай болсоноос гадна өдгөө дарга болсон. Гэсэн ч байгаль хамгаалагчид зориулсан байранд дарга нь өөрөө суух нь ёс зүйн хувьд зохимжгүй юм.
NUUTS.mn
