”Ай Би И Капитал” ББСБ-ын ажилтан зээлээ төлдөггүй зээлдэгчдээ хорсохдоо...
Нийтэлсэн: 2017-03-28 07:04:09
Тэрээр зээлдэгчээ залилангийн гэмт хэрэгт гүтгээд өөрөө санаатайгаар хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн хэрэгт унаж баларчээ. Бүх зүйл ингэж эхэлжээ. Ш.Х гэдэг иргэн нь жилийн өмнө шахуу тус ББСБ-ын ажилтан Э.М- тэй .... дугаартай зээлийн гэрээг байгуулж дөрвөн сая төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авчээ. Зээл авахдаа ... УБП улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинаа унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьсан гэнэ. Зээлдэгч нь зээл авахдаа “ манай компани Метро малл-д байрладаг, яаралтай мөнгөний хэрэг гарлаа” хэмээн шалж гуйсан агаад эхний хоёр сарын хүүг хугацаанд нь төлжээ. Харин дараа нь утсаа салгаад алга болсон гэнэ. “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр ББСБ-ын ажилтан араас хөөцөлдсөн ч олдсонгүй. Энэ хугацаанд гэрийн хаягаар нь олонтоо очиж нэлээд эрэл сурал болсон ч барьж авч чадаагүй аж. Сүүлдээ зээлдэгчээ алдаж ажлын хариуцлага алдсан хэмээн цалингийн 20 хувиар торгуулж явжээ. Итгэл алдсан зээлдэгчийн өмнөөс цалингаа хасуулах нь итгэл үзүүлсэн ажилтанд гомдолтой нь мэдээж. Аргаа барахдаа харьяа цагдаагийн газарт өргөдөл гаргасан ч эрүүгийн хэрэг биш гээд хүлээж авсангүй. Тэгэхээр нь эрүүгийн хэрэг болгохоор шийдэн “Ш.Х нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын ажил дээр гадна фасадны ажил хийлгэх гэж тохиролцоод ажлын урьдчилгаа болох дөрвөн сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6-р хороонд орших Метро молл их дэлгүүрийн зогсоол дээр автомашин дотроо бэлнээр авсан, гэсэн ч одоо болтол ажлаа хийхгүй, мөнгөө ч буцааж өгөхгүй залилсан” хэмээн өргөдөл гаргаж өгчээ. Ингээд залилангийн хэрэг үүссэн байна. Цагдаа нь ББСБ-ын ажилтны олохгүй байсан “залилагчийг” дор нь олжээ. Тэрээр "Ай Би И Капитал" ББСБ-гаас зээл авсанаа хүлээсэн ч барилгын ажил хийнэ хэмээн дөрвөн сая төгрөг залилсанаа хүлээгээгүй агаад харин ч гүтгэсэн хэмээн эргээд өргөдөл гаргажээ. Энэ удаад “залилагч” биш харин ББСБ-ын ажилтан худал мэдүүлэг өгсөн хэрэгтээ буруудсан байна. Зээлдэгч уг нь зээлийнхээ хүүг цагт нь төлөөд явж байжээ. Нэг л удаа долоо хоног хэтрэхэд "Ай Би и Капитал"-ын өр барагдуулах албанаас залгаж зээлээ төлөхгүй бол барьж яваа 9911-тэй дугаарыг чинь хураа авна хэмээн “айлгаж ичээсэн”-д гомдсон гэнэ.
НУУЦ.мн
