Г.Ичинхорлоо: С.Баяртай уулзах уулзалт зөвхөн өөрийг нь дэмжиж буй хүмүүсийн хооронд болж өнгөрсөн
Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр үргэлжилж байна. Тэд авлигач, оффшорчин улс төрчийг энэ улсад Элчин сайд хийхээр ирснийг эсэргүүцэн жагсаж байгаагаа уриа лоозонгоороо илэрхийлж буй. Өнгөрсөн лхагва гаригийн 19:00 цагийн үед тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд Элчин сайд С.Баяртай уулзаж С.Баяр 2:50 цагийн хугацаанд өөрийн тайлбарыг иргэдэд live хийн хүргэсэн юм. Гэвч уг уулзалтад Элчин сайдын яамны гадна жагсагчид болон жагсаалыг санаачилсан Г.Ичинхорлоо нар оролцоогүй нь тодорхой болсон. Харин тухайн уулзалтад ямар зорилготой хэн гэдэг хүмүүс суусан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Бид энэ талаар Г.Ичинхорлоотой холбогдон дэлгэрэнгүй тайлбар авлаа.
-СОНИНД ГАРГАСАН МЭДЭЭЛЛИЙГ УСТГУУЛАХ, АЙЛГАН СҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ГЭХ МЭТ МЭРГЭЖЛИЙН БУС ҮЙЛДЛҮҮДИЙГ ЭСЯ-НЫ ЗҮГЭЭС ДАРААЛАН ХИЙСЭЭР БАЙНА-
-Жагсагчид Элчин сайд С.Баяртай уулзаж тайлбар авсан байна лээ. Гэвч уур амьсгал эсрэгээрээ харагдсан. Та яагаад энд харагдсангүй вэ?
-Уулзалтын тухайд өөрийн зүгээс тайлбар хийе. Гуравдугаар сарын 21-нд 19 цагаас Элчин сайд уулзалт хийх гэж байна гэсэн яриаг би элчингийн гадаа эсэргүүцлээ илэрхийлээд зогсож байхдаа үдээс хойш 14-16 цагийн хооронд сонссон. Жагсаалаа тараад би ажил руугаа шууд явдаг. Би зургаан өдөр бүтэн цагаар ажилладаг. Тиймээс одоогоор ажилдаа явахаас өмнө жагсаж байхаар ажил, амьдралаа зохицуулсан байгаа. Энэ уулзалтад биеэр очиж оролцохын тулд ажлаа зохицуулах шаардлагатай байсан. Үнэхээр яаралтай ажил гараад зохицуулах байсан бол ядаж нэг өдрийн өмнө ч гэсэн ажилдаа хэлэх хэрэгтэй байсан. Энэ тухайгаа ч уулзалтыг зохион байгуулалцсан гол хүний фэйсбүүк дээр ч илэрхийлсэн. Миний ойлгосноор цаанаасаа л цаг нь их давчуу зохион байгуулагдаж буй юм байна гэдгийг бусад хүмүүст өгсөн коммент хариултаас анзаарсан. Тиймээс цаг нь дэндүү тулсан байсан бөгөөд бидэнд албан ёсоор энэ уулзалтад ирнэ үү гэсэн ямар ч мэдээлэл өгөөгүй тул бид өөрсдийн байр сууриар л хандсан. Элчин сайдын яамны цахим хуудас дээр гарсан зарыг хүнээс л сонсож харсан.
-Гэтэл уулзалт маргааш нь болсон шүү дээ?
-Тийм ээ, тэр орой нь ажлаа тараад фэйсбүүк шалгасан чинь уулзалтын өдөр нь солигдож гуравдугаар сарын 22-ны 19 цагаас болсон байсныг фэйсбүүк дээрээс дахин олж мэдсэн. Тэгээд энэ сарын 21-нд хүмүүс цуглаагүй юм байна даа гэж бодсон. Үнэндээ 21-нд энд Лондонд амьдардаг монголчуудын ихэнх нь энэ уулзалтын зарыг мэдээгүй өнгөрсөн. Мэдэх, оролцох боломжгүй цаг, өдөр зарласан нь санаатай үйлдэл байсан гэж харагдаж байна. Гуравдугаар сарын 22-ныхоо уулзалтын зарыг Sonin.mn дээр гаргуулж, Элчин сайд С.Баяр Англид байгаа монголчуудтай уулзах гэж байна гэсэн хүлээлт, сэтгэгдлийг Монголд байгаа хүмүүст үүсгэсэн байна. Энд Лондонд өдөртөө зарласан үйл ажиллагаанд шууд очиж оролцоод байх боломжтой хүн маш ховор. Тиймээс уулзалтад суусан хүмүүсийг харахаар Элчин сайдын яамны ажилчид, ЭСЯ-ны байранд үнэгүй үйл ажиллагаагаа явуулдаг Шагайн Холбооныхон болон ЭСЯ-тай ажил төрлийн холбоотой Монголчуудын Холбооны тэргүүлэгч болон хамтран ажилладаг гээд хэдэн хүмүүс харагдсан. Харин бидний жагсаалд нэгдсэн гурван хүмүүс тэнд очсон байна лээ. Тиймээс С.Баяр гуай энэ уулзалтыг маш хурдан хугацаанд зохион байгуулаад Монгол руу явахаар бэлдсэн байжээ гэдэг нь дараа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ уулзалт олныг болон өөрийг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийг өргөн хамруулах боломж олгосон уулзалт байгаагүй. Бидэнд албан ёсоор өнөөдөр уулзалт болно шүү, ирээрэй гэж нэг ч хүн хэлээгүй. Уг нь би элчингийн ажилтантай хийж буй ажлынхаа талаар анхнаасаа тодорхой хэлж тайлбарлаж явсан. Тэр хүн ч надад мэдэгдээгүй.
-Хэрэв очсон бол?
-Очсон байлаа гэхэд бид шаардах бичгээ л өгөх байсан байх. Шаардах бичгээ амралтын өдрүүдэд гүйцээхээр төлөвлөсөн байсан тул С. Баяр гуайн хоосон яриаг сонсох гэж очоод хэрэггүй байсан. Тэр хүн юу ч гэж хэлсэн бид шүүгчид биш, шийдвэр гаргадаг хүмүүс биш. Харин энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг албан ёсоор хууль шүүхийн дагуу шалгуул гэсэн 1000 гаруй хүмүүсийнхээ шаардлагыг 16 дахь өдрөө жагсаж буй мэдээллийн хамт өгөхөөр бэлтгэж байна. Анхнаасаа тавьсан шаардлага өөрчөгдөөгүй хэвээрээ байгаа. Харин гуравдугаар сарын 22 нд болсон уулзалтад С. Баяр сайд өөрөө 3 цаг шахам ярьсан байна. Яриандаа охидынхаа нэр дээрхи оффшор дансууд болон долоо биш 10 хол давсан олон үнэтэй байрны худалдан авалт борлуулалт хийсэн талаар маш олон асуулт дагуулсан ноцтой мэдээллүүдийг өөрийн амаар илчилсэн байна. Тиймээс бидний зүгээс энэ хүнийг Элчин сайд байх эрхгүй, шалгуулах ёстой гэсэн шаардлага эсэргүүцэл зөв болохыг дахин баталж харууллаа. Тиймээс товчхондоо энэ уулзалт зөвхөн нэг талыг барьсан, өөрийг нь дэмжиж буй хүмүүсийн хооронд зохион байгуулсан уулзалт болж өнгөрсөн. Бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, ажил амьдралаа зохион байгуулж очих боломж олгоогүй. Харин Монголд байгаа хүмүүсийн бодлыг төөрөгдүүлэх гэсэн нэг удаагийн оролдлого буюу богино хугацааны тактик нь байсан гэж хэлье. Өнгөрсөн өдрүүдэд сонинд гаргасан мэдэллийг устгуулах, айлган сүрдүүлэлт хийх гэх мэт мэргэжлийн бус үйлдлүүдийг ЭСЯ-ны зүгээс дараалан хийсээр байна. Тиймээс тайлбар хийх боломж гаргасанд танай хамт олон баярлалаа.
-БИ ХҮНИЙ ЗАХИАЛГААР ЮМ ХИЙДЭГ ХҮН БИШ ЭЭ-
-Ичинхорлоо тэргүүтэй жагсагчид хүний захиалгаар, мөнгө олох гэж өдөр шөнөгүй элчингийн үүдэнд зогсож байгаа, хийх юмгүй гэж хэлсэн. Үнэхээр танд тийм захиалга, захиалагч бий гэж үү?
-Би хүний захиалгаар юм хийдэг хүн биш ээ. Өөрийн зүтгэж олж авсан боловсрол, туулаад ирсэн амьдралынхаа туршлагаас олж авсан үнэн зөвийн цензурь, итгэл үнэмшил болон шударга нийгэмд зөв амьдрах гэсэн зүтгэлүүдийн нэгдэл л миний ард бий. Дээр нь С. Баяр гэдэг хүн Монголын улсын нэр болон Монголын ард түмний нэрийг барьж хэлэх үг бүр нь худал, хийх үйлдэл бүр нь буруу байх болно гэдгийг мэдэрч байсан учраас л эсэргүүцлээ илэрхийлсэн, бас дээр нь худал хоосон яриа сонсох тэвчээр байхгүй. Энэ хүн 20-30 жил хор найруулж амьдарсаар бусдыг өөртэйгээ адилхан бодож хардаж байгаа бололтой. Шаардлагатай гэвэл би албан ёсоор шалгуулахад бэлэн. Би 6 өдөр “full-time” буюу бүтэн цагаар ажиллаж хажуугаар нь сурч байгаа.
-Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлж, надад туслаарай гэсэн утгатай зүйлийг С.Баяр хэлсэн. Монголын төр томилогооны асуудлаа өөрсдөө шийднэ гэсэн. Иргэд ийм эрхгүй гэж үү? Та бүхэн энэ шаардлагыг хүргүүлэх үү?
-Монголын ард түмэн энэ хүнийг хуулийн дагуу шалгуулж гэмтэй нь нотлогдвол хариуцлага хүлээлгэхийг хүсч байгаа нь энэ өнгөрсөн гурван долоо хоногт илт харагдаж байна. Бид 1000 гаруй хүний гарын үсгийг цөөхөн хоногийн дотор албан ёсоор олон улсын хэн нэгний хараат бус CHANGE.ORG системийг амжилттай ашиглаж нэгдүүлж чадлаа. Тиймээс маргааш гуравдугаар сарын 27 эсвэл 28-наас хэтрэхгүй шаардах бичгээ холбогдох хүмүүст ЭСЯ-аар дамжуулж өгөхөөр бэлтгээд байна.
-Долоон байшингийн асуудалд охин нь 7 биш 10 гаруй байрыг арилжаалсан болохоос надтай ямар ч хамаагүй гэх юм. Нэг үгээр хэлбэл та бүхнийг гүтгэж байна гэж үзэж байх шиг байсан?
-Бие даасан байгууллагаар албан ёсны хууль дүрмийн дагуу шалгуулж байж л гэмтэй гэмгүй гэдгийг харуулж батлах ёстой. Түүнээс биш С.Баяр гуай өөрөө амаараа гэмгүй гэж хэлээд болчих түвшний юм бид яриагүй байна. Энэ хүний томилгоо Монгол-Англи хоёр орны цаашдын дипломат харилцаа болон энэ хоёр орны ард түмний ашиг сонирхолд маш ноцтой сөрөг үр дагавар үүсгэх болно. Тиймээс энэ хүнийг татаж авах ёстой. Эсвэл шалгуулж нэр цэвэр гэдгийг баталж харуултал түр Элчин сайдын ажлаас нь түдгэлзүүлэх ёстой.
-Оюу толгойн асуудалд тэрээр өөрийгөө гэм буруугүй гээд, хууль хяналтын байгууллагаар өөрийгөө шалгуулсан тухай хэлсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ
-Энэ хүний охидын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүд болон оффшор дансны эх үүсвэрийг тогтооход энэ асуудал тодорхой болох байлгүй дээ. Шалгуулсан зүйл байгаа бол яг хэнээр, ямар байгууллагаар, юугаа, яаж шалгуулж, ямар дүгнэлт гарсаныг нь бид албан ёсоор гаргаж өгөх хэрэгтэй. Тиймээс танай сайтаар дамжуулж энэ ярилцлагаараа хүсэлтээ илэрхийлье.
-Ийнхүү тайлбар хийсэн тул та бүхэн жагсаал цуглаанаа зогсоож, эсэргүүцлээ энд хүргээд өндөрлөх үү, эсвэл?
-Эсэргүүцэл үргэлжилсэн хэвээрээ. 16 өдөр болж байна. Хугацаагүй зөвшөөрлийг цагдаагийн газраас авсан байгаа. Хэрэв С.Баяр гуай хууль дүрэмтэй ардчилсан Монгол улсыг төлөөлж ирж байгаа бол ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой, хуулийн дагуу шалгуулах ёстой. Үүний төлөө бид үр дүн гартал эсэргүүцлээ үргэлжлүүлнэ. Харин эсрэгээрээ ардчилсан биш, ард түмнээ айлган сүрдүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боогдуулсан, үйлдсэн хууль бус үйлдлүүдээ шалгуулж харицлага тооцуулдаггүй, ил, далд дарангуйллаар ард түмнээ удирддаг коммунист системтэй орныг төлөөлж Англи улс руу ирж байгаа бол түүнийгээ бас албан ёсоор зарлах хэрэгтэй. Хэрэв тийм бол бидний тэмцэл өөр түвшинд, илүү өргөн цар хүрээнд яригдах болно.
-1100 ГАРУЙ ХҮН АЛБАН ЁСООР НЭГДСЭН БАЙНА-
-Эсэргүүцэгчдийн тоо өнөөдөр хэд болж өссөн бэ?
-Бид Монгол руу шаардах бичгээ гардуулж өгчихөөд Англид буюу Олон Улсын түвшний байгууллага болон хүмүүс рүү хандах ажиллагаагаа идэвжүүлж эхэлнэ. Шударга ёс, хариуцлага гэж байх ёстой. Тиймээс түүнийг олтол үргэлжлүүлнэ. Эсэргүүцлийн хэлбэр байдал өөрчдөгдөж болно. Одоохондоо элчингийн гадаа үргэлжилсэн хэвээр байх болно. 1100 гаруй хүмүүс албан ёсоор нэгдсэн байгаа. Дэмжиж буй хүмүүс маш их байна. Гэхдээ онлайн нэгдэж буй Change.org-ийнхаа талаар хүмүүст сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байгаа. Дэмжиж буй бүх хүмүүсийг онлайн нэгдүүлж дэмжлэгийг бодитой, албан ёсных болгох нь чухал.
-Английн хууль хяналтын байгууллагаас энэ асуудалд анхаарал хандуулсан нь бий юу?
-Монгол улс тусгаар тогтносон өөрийн гэсэн хууль дүрэмтэй орон. Тиймээс ЭСЯ-ны алдаатай томилгоог хийсэн эрх бүхий хүмүүст эхлээд алдаатай гаргасан шийдвэрээ залруулах боломжийг олгох нь зүйтэй. Харин үр дүн гарахгүй бол мэдээж дараагийн шатанд холбогдох олон улсын байгууллагууд руу хандах болно. Яагаад гэвэл хардаж буй авлига, олон байр, гадаад дансууд Монголын хилийг давж гарсан үйлдлүүд учраас олон улсын түвшинд зохих байгууллага хүмүүс рүү хандах нь ойлгомжтой.
-С.Баяр уулзалтын дараа Монгол улсыг зорьсон мэдээ байна. Ямар зорилготой болохыг та бүхэн мэдэх үү?
-Монгол явсан зорилгыг нь бид яаж мэдэх вэ. Гэхдээ хүмүүсийн тэвчээр барагдсан байна гэдгийг өнгөрсөн хэд хоног бүгдээрээ л харсан байх. Ямар ч байсан Монгол руу яаралтай явах шаардлага гарсан нь илт байна. Тиймээс явахаасаа өмнө ямар нэгэн уулзалт хурдан зохион байгуулчихаад явах шаардлагатай байсан нь бас тодорхой байна.
Б.ГЭРЭЛ
мэдээ.мн
Юунч хүний мууд дуртай юм энэ нэг мэдээ танай сайтад 3 сар боллоо.Одоо болоо юм бишүү.авч хаявал яасан юм.Одоо үүнийг хэн унших юм.Аминдаа л С.Баярыг доош нь хийж байгаа хэрэг байх л даа
ene yagaan p***ytotoi dolir xuuxen jaaxan mongo avch xoorxii dee
What a joy to find soenome else who thinks this way.