Амазонкын ширэнгэ ойд төөрсөн жуулчинг сүрэг сармагчин 3 өдөр хооллож аварчээ
Нийтэлсэн: 2017-03-27 14:11:52
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ч хамгийн аюултай гэх энэ ширэнгэ ойд төөрч есөн өдөр тэнэсэн чили жуулчин өөрийг нь эргэж жимс шидэлж өгч байсан сүрэг сармагчний ачаар амьд гарсан гэнэ. 25 настай Майкол Коросео Акуна гэдэг чили залуу адал явдалт аялал зохион байгуулдаг Max Adventures компаний ээлжит аялалаар Боливи улсын Мадиди гэдэг тусгай хамгаалалттай газраар аялжээ. Энэ нь Амазонкын ширэнгэн ойн нэг хэсэг гэнэ. Аялалын эхний өдөр ойгоор явсан аялагчид орой нь буцаж ирээд хөтөлбөрийн дагуу ширэнгэ ойн индианчуудын ойн эзэн онгон сахиус гэж өргөмжилдөг Пачамамег тахих ёслолд оролцох ёстой байжээ. Гэтэл эхний өдрийн аялалаас тааруухан сэтгэгдэлтэй буцаж ирсэн чили залуу явахгүй гэж татгалзжээ. Мөн христ шажитны хувьд бөө мөргөлтний ёслолд оролцохгүй хэмээн дургүйцсэн байна. Max Adventures компаний эзэн, индиан гаралт Фейзар Нава нь тахилга ёслолд оролцохгүй байх нь ойн эзэн онгон сахиусыг үл хүндэтгэсэн хэрэг болж өөрт чинь муу зүйл учирна хэмээн сануулсан ч зөрүүд залуу өөрийнхөөрөө зүтгэжээ. Гэтэл Пачамамег тахих тахилгынүеэр Майкол ой руу ганцаараа орсон байжээ.
Чухам яагаад ганцаараа ширэнгэ рүү орсоноо аврагдсан хойноо ч тайлбарлаж хэлж чадаагүй байна. Харин Фейзар Навагийн баталснаар өөрийг нь үл хүндэтгэсэнд уурлаж хилэгнэсэн Пачамаме муу ёрын сүнс болох Дуэндег илгээж залуугийн оюун ухааныг самууруулсан болж таарчээ. Ийнхүү чили жуулчин алга болсоныг тахилгын дараа мэдэж бөөн сандралд оржээ. Эхлээд компаний ажилтнууд болон нутгийн индианчуудын хамтаар хайжээ. Дараа нь хүчин мөхөсдөж арга мухардсан тул онцгойнхныг дуудаж хамтарсан хүчээр зургаан өдөр хайжээ. Хайсны эцэст чили залуугийн уранхай оймсыг л олж үхсэн гэдэгт нь бараг бүгдээрээ итгэж эхэлж байсан гэнэ. Зургаа дахь өдрийн орой компаний эзэн кэмпдээ хүч чадалтай гэгдэх индиан бөө нарыг залж авчирсан байна. Бөө нар бөөлөн муу ёрын сүнс Дуэндед хорлогдож ухаан нь самуураад ойгоор тэнэж байгаа жуулчин залуугийн оюун ухаантай холбоо тогтоож чадсан, нааш нь эргүүллээ, удахгүй амьд мэнд олдоно гэжээ. Үнэхээр хайлтын ес дэх өдөр Туйчи гэдэг голын эхэнд эрэлчдийн өмнөөс тусламж гуйн хашгирсаар гарч иржээ.
Аврагдсан хойноо дээр өгүүлсэнчлэн ой руу ганцаараа орсон шалтгаанаа тайлбарлаж чадсангүй. Нэг мэдэхэд л ойд гүйж явсан гэжээ.
Гайхалтай нь эхний зургаан өдөр нь нэг ч амьд амьтантай таарсангүй. Харин зургаадахь өдөр нь хаанаас ч юм сармагчны сүрэг гарч ирэн дагуулж явсаар Туйчи гэх голын эх рүү аваачжээ. Энэ зууртаа сармагчингууд залууд жимс шидэлж өгч байжээ.
Дөрвөн ч удаа цэвэр устай булаг, горхинд дагуулж очсон гэнэ. Харин Max Adventures компаний эзэн Фейзар Навагийн баталснаар түүний залж авчирсан индиан бөө нар азгүй залууг энэрч өршөөхийг аугаа хүчирхэг Пачамамегаас гуйн аргадаж чадсанаар чили залуу аврагдсан аж.
Амазонкын ойн эзэн онгон сахиус өөрийг нь үл хүндэтгэсэн залууд өрөвч зөөлөн сэтгэл гаргаж уучлаад амийг нь аварч хүмүүсд хүргэж өгөхөөр сармагчны сүргийг явуулсан болж таарсан байна.
NUUTS.mn