Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд багш мэргэжилтэй байжээ
Нийтэлсэн: 2017-03-13 09:29:43
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 30 орчим насны залуу бага насны хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад явж байсан 10 настай Т гэх хүүг хулгайлахыг завдсан тухай мэдээлэл энэ сарын 07-ны 17.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Ингээд мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хэргийг шалгаж, уг хэрэгт тус хорооны оршин суугч 35 настай У гэх эрэгтэйг сэжигтнээр саатуулан шалгаж эхэлсэн байна. Зарим эх сурвалж сэжигтэн этгээдийг хүүгийн төрсөн эцэг нь байсан гэж мэдээлж байгаа ч албаны эх сурвалж эл мэдээллийг үгүйсгэлээ. Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр У нь багш мэргэжилтэй нэгэн аж. Тэрээр нэгэн сургуульд Түүх, нийгмийн багшаар ажиллаж байгаад хүүхэдтэй зүй бус харьцсан гэдэг үндэслэлээр ажлаасаа халагджээ. Чухам ямар шалтгаанаар хүүг хулгайлахыг завдсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас сэжигтэн У-г сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан байна.
НУУЦ.мн
