БОАЖЯ-наас хушны самар авч өгнө гэж 13 сая төгрөг залилаад шоудаад дуусгажээ
Нийтэлсэн: 2017-03-13 00:20:25
Монголчууд ашигтай гэж хошуурсан зүйлдээ мөнгөө шууд цацдаг нь сүлжээний бизнес, самрын наймаа хоёроос харагддаг. Сүүлийн хоёр жилээс маш их унацтай гэж тооцогдох болсон хушны самранд яамны газрын дарга, залилагчид орооолдох болсон. Өөрийгөө БОАЖЯ-нд ажилладаг хэмээн байрныхаа найзад ойлгуулсан Д.Б гэдэг залуу яамнаас 8,7 тонн хушны самар гаргуулж өгнө хэмээн 13 сая төгрөгийг нь залилан авчээ. Авсан мөнгөөрөө самар цуглуулах нэрээр Хэнтий, Дорнодоор явахдаа баян хүн шиг үрж тансаглаж яваад дуусгасан гэнэ. Хэрэг явдал өнгөрсөн оны сонгуулийн үеэс эхтэй аж. Залилсан залилуулсан хоёр Баянгол дүүргийн 39-р байрых аж. Самарын наймаанд санаархаад мөнгө алдсан Бөхдорж нь Д.Б-г сонгуулийн сурталчилгаанд явж байхыг нь харсан гэнэ. Дараа нь БОАЖЯ-нд ажилд орох гэж байгаа гэхээр нь итгэжээ. Сурталчилгаанд явсан хүн нам нь ялбал ажилд ордог хойно аргагүй биз. Тэрээр “...Батсүхийг нэг байранд амьдардаг гэдгээр нь танина. Байгаль орчны яаманд ажилд орсон гэхээр нь самар түүх зөвшөөрөл авч өгч чадах уу гэж асуухад болно гэсэн. Дараа нь уулзахдаа яаманд хураагдсан 8,7 тонн самар төмөр замын гаалийн агуулахад байгаа, сонгууль болоод өнгөрсөн учир мөнгө хэрэгтэй гээд дуудлага худалдаагаар оруулахгүй зарна гэсэн. Би сонирхсон. Хоёр хоногийн дараа холбогдоод 8,7 тонн самрын 700 кг-ийг нь хорогдолд тооцсон. Найман тонн кг-ийг нь 2800 төгрөгөөр зарна, самрын дээжийг мэргэжлийн хяналтын газар өгсөн, хариу нь зүгээр хэвийн гэж гарсан гэсэн. Очиж үзье гэхэд гаалийн баталгаат агуулах нь байнга онгойдоггүй юм байна, төлбөрөө төлсөн тохиолдолд авдаг” гэж хэлсэн. Би мөнгө хайгаад найз Бямбадоржид хэлсэн” гэжээ. Үнэндээ байрны найз нь яаманд ажилд ороогүй байсан аж. Гэсэн ч яамны “ажилтны” дүрд хувираад Бямбадоржтой нь БОАЖЯ-ны гадаа уулзаад байгаль орчны лабораторын бичиг үзүүлжээ. Тэр “бичиг” нь интернэтээс татсан “Улсын мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ-ны ойн ашиглалтын газарт” гэх толгойтой, 8.7 тонн самрыг ашиглаж болно гэсэн утгатай хуурамч баримт байжээ. Самрын наймаа хийх гэсэн хоёр үүнд нь амархан хууртагдсан байна. Ингээд яамны “ажилтан”-г наадахаа бүтээчих, бид хоёр мөнгийг нь гаргая, ашгаасаа тодорхой хувийг өгье гэж шалжээ. Нэгэнт “итгэлцэл” бий болсон тул мөнгөө ярих цаг болж яамны “ажилтан” үнээ өсгөжээ. “Хураагдсан” самрыг кг-ыг нь 3500 төгрөгөөр гаргах болж нийтдээ 21 сая төгрөг гэжээ. Гэхдээ уян хатан загнаж нийт төлбөрийн 60 хувийг урьдчилж өг гэсэн нь 13 сая төгрөг болсон байна. Самрыг гаргах ажлыг гардан хийх хүн нь яамны Цэлмэг гэдэг ажилтан гэж ярьжээ. Нөгөө хоёр нь зөвшөөрч бараг л тэр өдрөө урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн гэнэ. Мөнгөтэй болсон яамны “ажилтан” маргааш нь Хэнтий явах машинд суун хөдөлжээ. Учир нь түүнд бэлэн самар байсангүйн дээр авсан мөнгөөрөө хөдөөнөөс самар цуглуулж ирэх тун энгийн төлөвлөгөөтэй байжээ. Гэсэн ч самар олдоогүй тул баян хүн шиг загнаж ууж идэж явсаар 500-хан мянган төгрөгтэй хоцорчээ. Энэ зуур хотод үлдсэн хоёр нь 8,7 тонн самрыг гаргах ажлыг гардан хийх Цэлмэг гэгч рүү залгаж мессэж бичсээр байжээ. Гэтэл үнэндээ тийм хүн байсангүй. “Яамны ажилтан” самранд явахдаа цаг хожих гэж Цэлмэгийг “бий болгоод” өмнөөс нь ““өнөөдөр заавал болгоно. Батсүх заавал бүтээгээрэй гэж хэлсэн” гэх мэт мессэж бичин толгойг нь эргүүлж байжээ. Ийн маягаар хөдөөгүүр мөгөтэй хүн шиг тансаглаж явсаар мөнгө нь дуусахад хотод буцаж ирээд баригдсан гэнэ.
НУУЦ.мн
