Хяналтын прокурор асан Х.Тамирт хэргээ хаалгах гэж хахууль өгөгчид хэн бэ...
Нийтэлсэн: 2017-03-09 00:11:57
Тээврийн прокурорын хяналтын прокурор асан Х.Тамирын хам тамхитай холбоотойзүйл анги нь хэрэгсэхгүй болсон. Гэхдээ 2013, 2014 онуудад өөрийн хяналт тавьж байсан хүндэвтэр ангиллын есөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэлгүй нуун дарагдуулан, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас прокурорын байгууллагад хүнд хор уршиг учруулсан, 2013 оны 3-р сараас 2015 оны 4-р сар хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхол үүссэн нөхцөл байдлыг ашиглаж давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар 11 хэргийн 12 яллагдагчаас хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан. Амсан хахуулийн хэмжээ нь 15,8 сая төгрөг гэж тооцоогдсон. Х.Тамирт хахууль өгөгчидөөс ганцхан хүн ял авсан нь Л.Ж байсан. Тэрээр тэнсэн харгалзах хугацаандаа осол гаргаад хэргийн газраас зуштсан, дараа хэргээ хаалгахаар хахууль өгсөн хэрэгт давхар яллагдан. Хяналтын прокурор асанд хахууль өгөгчид ийн мэдүүлжээ. Ч.А нь “... найз Баттулга, Баярсайхан, Отгонсүх, Чинзориг нарын хамт Сэлхэд зуслангийн байшин барьж байгаад орой архи уугаад халцгаасан. Би Баттулгын эзэмшлийн Тоёота Старлет загварын жижиг автомашиныг жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргаж улмаар Баттулгын толгойн яс цөмөрч Баярсайханы нүүрэнд шил зоогдож миний нүүрэнд хөнгөн гэмтэл учирсан. Хэргийн хяналтын прокурор нь Х.Тамир гэж нүдний шилтэй залуу байсан. Би прокурортой нийт гурван удаа уулзаж зовлон жаргалаа ярьж туслаач гэж гуйсан. Тэгэхэд прокурор за яахав та нар найзууд юм байна. Надад хоёр саяыг өгчих тэгвэл энэ хэргийг хааж болно гэж хэлсэн. Надад тийм их мөнгө байхгүй тул 1.5 сая тгрөг, хайрцаг тамхитай авч өгсөн. Прокурор “за за ингээд хэрэг чинь хаагдлаа” гэж хэлсэн” гэжээ. С.А нь “...Тоёота Аллион маркийн автомашин жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж хүнд гэмтэл учруулсан...Ингээд Тээврийн прокурорын газрын Тамир гэдэг хүний хяналтанд очсон...хэд хэдэн удаа дуудаж уулзаад чи залуу хүн эрүүгийн хүнд хэрэгт ял авч байсан гээд бүртгүүлчихвэл хэцүү ш дээ гэсэн утгатай зүйл яриад байхаар нь миний хэргийг хаах боломжтой болоод надаас мөнгө хараад байна гэж ойлгоод та миний хэргийг аргалж чадах уу гэхэд би хүнээс асууя чи тэгээд хэдэн төгрөг өгч чадах юм бэ гэхээр та хэдэн төгрөгөөр аргалж чадах юм бэ гэсэн. Тэгэхэд өнөөдрийн дотор саяыг авчирч өгч чадах уу гэхээр нь чадна гээд ээжээсээ мөнгө авч үдээс хойш 16.00 цагийн орчим өрөөндөө ганцаараа сууж байхад нь аваачиж өгсөн...” гэжээ. Г.Э нь “...Монелийн замд Х.Соната-6 маркийн автомашиныг жолоодож явахдаа Т.Аллион маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг орхиж зугатаасан хэрэгт холбогдож шалгагдсан... Тамир гэх прокурортой уулзаж 20 гаруй хоног болсон...сүүлдээ би Х.Тамир прокурортой уулзаж урьд нь зам тээврийн осол гаргаж байсан,одоо дахиад хэрэг хийсэн болохоор надад үнэхээр хэцүү байна, туслаач гэхэд ийм хэргийг аргалж шийдэхэд таван сая төгрөг болно, чи мөнгөө өгөөд хэргээ шийдүүлж болно” гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй байна, ядаж дөрвөн сая төгрөг болох уу гэхэд бэлэн байгаа юм уу гэсэн. Мөнгөө олоод 2014 оны 9-р сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүх дээр хуралтай байна гэхээр нь очиж хүлээж байгаад гарч ирээд Тамир прокурорын Приус-20 загварын машинд нь сууж байгаад өгсөн...” гэжээ. Б.Ч нь “...Т.Королла маркийн машин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж ослын газрыг орхиж зугатаасан хэрэгт холбогдсон. Тамир прокурорт хандаж одоо хохирогч нар ямар нэг гомдол саналгүй болсон учир хэрэг дуусгавар болох уу болохгүй юу гэж асуусан. Тэгэхэд чи хэдэн төгрөг олж чадах вэ гэж асуусан. Их мөнгө чадахгүй сая төгрөг л олж чадна гэсэн. хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрт өгөх гээд хадгалсан байсан хоёр сая төгрөгнөөсөө аваад өгсөн чинь хэрэг чинь одоо ингээд дууссан гэж хэлсэн...” гэжээ. Д.А нь “...явган зорчигчийг мөргөж хүнд гэмтэл учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад Тээврийн прокурорын газарт шилжсэн. Х.Тамир прокурор хяналт тавьж байсан...миний хувьд хохиролоо барагдуулсан ч гэсэн шүүхээр ордог гэдгийг өмгөөлөгчөөс мэдсэн учраас прокуророос шүүхээр орохгүйгээр шийдүүлэх боломж байдаг юм уу гэхэд чи эхний ээлжинд хохиролоо барагдуулаад надад гурван сая төгрөг бэлдчихээрэй тэгээд уулзъя гэсэн. Ингээд би хохирогчид мөнгө өгч гомдолгүй гэсэн бичгээ аваад гурван саяа бэлдээд прокурор Тамиртай ажлынх нь гадаа уулзаад хоёулхнаа байхдаа өгсөн. Прокурор одоо ингээд хэрэг хаагдлаа чи яв гэсэн- гэжээ. М.Т нь “...Тоёота Карина маркийн автомашин жолоодож яваад байрны зогсоолд зогсож байсан хоёр машин мөргөж осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугатаасан хэрэгт холбогдож шалгагдсан...хэрэг прокурорын шатанд байхад Тамир прокурор дуудахаар нь ирсэн. Ажил дээрээ хоёр өдөр ирүүлж байлгасан. Гуравдахь өдрөө хэргээ харж байгаад чи согтуу байсан уу, олуулаа байсан уу, хэнтэй байсан гэж асуусан. Би архи дарс уугаагүй, эрүүл машинаа ганцаараа жолоодож явснаа хэлээд шүүхээр ороод ял авах болов уу гэж асуусан. Би удахгүй визэнд орж гадагшаа явах гэж байсан юм...прокурор ял авна шүү дээ гэж хэлээд чи одоо гараад байж бай гэсэн. Прокурорыг ажлаасаа тараад гарч ирэхээр нь ял авахгүй шийдэгдэх ямар нэг арга байгаа юу гэж асуухад маргааш хүрээд ир гэсэн. Маргааш нь найз Чинзоригоосоо сая төгрөг зээлж аваад Тээврийн прокурорын ажлын гадаа нь ирээд Тамирт өгөөд би одоо яах вэ гэхэд би өөрөө мэдэж байнааодоо санаа зоволтгүй яв гэсэн...” гэжээ. Х.Тамир нь зохих журмын дагуу эрүүгийн хавтаст хэргүүдийг 30 хоногийн хугацаандаа бичиг хэрэг архивдаа өгдөггүй, байнга араасаа нэхүүлдэг байжээ. Мөн хэргийн шийдвэрүүдээ өөрөө цахим санд шивж оруулдаг байсан гэнэ.
NUUTS.mn
