Тендер авсан “Метро хаус констракшн” –ы захирал АТГ-д өгөх баримтаа гээгээд “баларсан” хөгжилтэй хэргээс...
Нийтэлсэн: 2017-03-06 01:41:08

Хүмүүс санхүү болон хуулийн байгууллагатай холбоотой баримтаа ихэд “нандигнадаг”. Хар дэвтэр гэж яригддаг нь үнэндээ зөвхөн хуулийнханд үзүүлэх, дараа нь аминд орж мэдэх нууц чухал баримтуудын цуглуулга юм. Гэтэл ийм чухал баримтаа гээчихсэн явдал нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Орон сууцны гадна фасад будах ажлын” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендертэй холбоотой хээл хахуулийн хэрэгт гарчээ. Уг тендерт шалгарсан “Метро хаус констракшн” компаний захирал Н.Батбаяр нь Бор-Өндөр сумын засаг даргын орлогч Ж.Мөнхмандахад эхнэрийх нь дансаар дамжуулан 1,5 сая төгрөгний хахууль өгсөн хэрэгт холбогдсон бол орлогч гуай Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан компанийг хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хахууль авсан гэж буруутгагдсан. Хотын хэмжүүрээр 1,5 сая нь хоолны мөнгө төдий бол хөдөөд томд орно. Компаний захирлын мэдүүлснээр орлогч нь санхүүжилт өгсөнөөс хойш л мөнгө нэхэж хэлжээ. Эхлээд “нутгийн захиргаанаас тендерийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагуудаас баяр наадамтай холбогдуулж хандив авч байгаа, чи мөнгө өг, наадмын үйл ажиллагааны санхүүжилт хүрэхгүй байна” гэжээ. Ингээд дарамтлаад болохгүй болохоор нь наадамын өмнө нэг сая төгрөгийг өрөөнд нь аваачиж өгчээ. Эхний санхүүжилтээс хойш гурван сарын дараа дараагийн мөнгө болох долоон сая нь орж ирсэн байна. Захирал ажилчдын цалин тавих, материал худалдаж авахын тулд сумын удирдлагаас байнга мөнгөө нэхэж явжээ. Харин санхүүжилтээ авсаны дараа нь орлогчийн мөнгө нэхэх ээлж ирсэн байна. Утсаар ярьж “Би мөнгөний чинь асуудлыг зохицуулж өглөө шүү дээ, чи мөнгө өг л дөө, нэг саяыг өгчих” гэж удаа дараа нэхсэнд “долоохон саяыг өгчихөөд саяыг нь авах гэлээ” хэмээн хэдэрлэжээ. Нэхээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь дансаар нь мөнгийг нь өгчихөөд АТГ-т хандая гэж шийдсэн гэнэ. Орлогч нь Оюун гэсэн нэр орсон хүний дансны дугаар өгсөнд Хаан банкны Сөүл бизнес центрт дэх салбараас “нэхээд байсан хахууль чинь” гэсэн гүйлгээний утгатайгаар сая төгрөгийг шилжүүлжээ. Гэтэл дараа нь тэр шилжүүлгээ хаячихсан тул АТГ-д хандаж чадаагүй аж. Гэсэн ч хахууль нэхээд амар заяа үзүүлдэггүй орлогчийг өөр маягаар “хашраасан” байсан. Тендерийн ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх гэхэд Ж.Мөнхмандах нь гэрээнд заагдаагүй ажил хий гээд шахжээ. Бас “Хэрвээ өөр байр будаж өгөхгүй бол хүлээж авахгүй” гэж шантаажилсан гэнэ. Захирал хариуд нь мөнгө өгнө гэж амлаж явсаар үлдэгдэл санхүүжилтээ авсаны дараа мөнгөө ч өгөлгүй бас ажлаа ч дуусгалгүй зугтаагаад алга болжээ. Энэ тухай ажил хүлээн авах комиссын гишүүн нь “Бид 35, 36, 45-р байрыг тойрч үзээд дараа нь хуралдсан. Ажил дутуу тул гүйцэтгэлийг нь 80 хувиар хүлээж авна гэснээс болж маргаан үүссэн. Гүйцэтгэгч Батбаяр нь “би ирэх хавар ирээд засаад өгье, надад мөнгө нь хэрэгтэй байна шүү дээ, хүлээгээд авчих” гээд гуйгаад байсан. Би эсрэг санал өгөөд явсан. Дараа нь гүйцэтгэлийг 100 хувиар хүлээж авсан байсан. Гүйцэтгэгч дахиж ирээгүй, байрныхаа засварыг гүйцээж өгөөгүй” гэжээ. Харин “Метро хаус констракшн”-ний гүйцэтгэх захирал нь Засаг даргын орлогч ерөнхий захирлыг нь мөнгө нэхэж дарамталж байсныг баталжээ. Тэрээр “...Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогч Мандах /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хүн надаас мөнгө нэхээд байна, би түүнд мөнгө өгсөн гэж Батбаяр надад хэд хэдэн удаа хэлж байсан. Мөнгө нэхэж бичсэн мессэжийг нь хүртэл үзүүлж байсан “Эр хүний замын хүзүү урт шүү, чи надтай уулзахгүй хол явахыг чинь харнаа, чи хэзээ мөнгө өгөх юм бэ, хурдан мөнгөө өг л дөө” гэх утгатай мөнгө нэхсэн, дарамталсан мессэж байсан” гэжээ. Дээрхи явдал нь хөдөө орон нутагт тендерийн ажил хэрхэн явагдадгийн нэг жишээ юм. Нутгийн дарга надад хэдийг өгөх вэ гэдэг алдарт асуултаараа хувь нэхнэ. Ажил авсан компаний захирлууд арга буюу өгнө. Эцэстээ муудалцана. Дургүй нь хүрсэн захирал шат шатанд хахууль өгсөөр багассан тендерийн мөнгөөр ажлаа хагас хугас хийсэн болоод зугтаадаг. Ийм л дүр зураг энэ хэргээс харагдаж байна. Энэ хэргийн дараа Хятадын хөрөнгө оруулалттай “Лут чулуу” гэдэг компаниас мөнгийг нь гаргуулсан мал угаах ванны гэх орон нутгийн чанартай хахуулийн бас нэгэн хэрэг дэгджээ.
НУУЦ.мн
