Ж.Ганбаатар: Х.Нямбаатар аа, чи надаас дүү, гэтэл “чи, чи” гээд л дайрах юм
УИХ-ын гишүүн Х.Нямбаатард ах зах гэж алга. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 52 саналаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналууд олон байсантай холбогдуулан хэлэлцэх асуудалд тусгагдаад байсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж амжилгүй өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулсан юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэд Эрүү болон Зөрчлийн хуулиар ажлын хэсэг байгуулагдан, амралтын өдрүүдэд Их тэнгэрийн аманд хуралдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Ажлын хэсэгт сөрөг хүчнээс Л.Болд, эрх баригч намаас Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд багтсан байна. Байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудар санал хураалт явуулах үед Ж.Ганбаатар, Х.Нямбаатар нар маргалдаж, улмаар хуралдааны дараа Н.Оюундарь гишүүний өрөөнд орж маргаанаа үргэлжлүүлэв. Хуралдааны үеэр Ж.Ганбаатар гишүүн төрийн байгууллагуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн төсвийн мөнгөөр торгох арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан мөртлөө хувийн хэвшилд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хорих арга хэмжээ авахаар тусгасанд бухимдаж буйгаа илэрхийлсэн юм. Харин ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Эрүүгийн хууль бол тоглоом биш. Хувийн ашиг сонирхлоор хуулийн заалтуудыг өөрчлөхөө боль” гэсэн бол Ж.Ганбаатар гишүүн “Би өөрийнхөө биш, бусдын эрх ашгийг хамгаалж байна. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэхдээ л анхаар. Бизнесийнхнийг битгий хорьж цагдах гээд байна. Хувийн хэвшил нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, орлогын албан татвар гэхчилэн маш олон татвар улсдаа төлж, хариуцлагаа үүрээд, ажлын байр гаргаж явдаг. Х.Нямбаатар аа, чи битгий биеэ тоогоод бай. Чиний өмгөөлөгч, багш тань надад хамаагүй. Юм л бол хүнд заах гээд дайрах юм. Чи надаас дүү хүүхэд. Тийм байтал “Чи, чи” гээд л дайрах юм” гэв.