Цагдаа зодсон төрийн тусгай хамгаалалтын орлогч дарга ажлаасаа халагджээ
Нийтэлсэн: 2017-02-08 04:12:16
Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга П.Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Т.Батбилэг нарыг бусдын биед халдсан, архидан согтуурсан үедээ олон нийтийн газар танхайрсан гэх шалтгааныг үндэслэн ажлаас нь халжээ. 2016 оны 12-р сарын 18-ны өдрийн 01:40 цагийн орчим “Фэйс” гэх бааранд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд суух Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга П.Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Т.Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга П.Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Т.Батбилэг нар согтуурсан үед олон нийтийн газарт танхайрч, цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан хөөсөн. П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан хэрэг гарсан юм. Харин уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, хэрэгсэхгүй болгосон байна.Эх сурвалж : Мэдээ.мн
