.jpg)
Оюуны өмчийн онцгой эрхийн маргаан манай ТВ-үүдийн дунд байнга гардаг болжээ. Өнгөрсөн онд Хятадын ”Хубилай хааны домог” /Legend of Kubilai Khan/ 50 ангит кино гарах тухай шуугиан цахимд нэлээд явсан. Энэ киног “Дижитал Агуулга” нь 2014 оны 4-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын “Брайт медиа” /Bright Media limited/ ХХК-тай киноны лицензийн онцгой эрхийн гэрээ байгуулан оруулж иржээ. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хятадын телевизийн олон ангит ”Хубилай хааны домог” /Legend of Kubilai Khan/ киног Монголд эфирийн, кабелийн болон сансарын телевизээр гаргах зөвшөөрөл олгох онцгой эрхийг тус клмпани авсан гэнэ. Онцгой эрхийг авахын тулд 15 мянган гаруй доллар төлжээ. Гэтэл төлөвлөсөнийхөө дагуу ашигтай ажиллаж чадаагүй байна. Учир нь “Сүлд” телевиз нь 2016 оны 3-р сард “Хубилай хааны домог” киног гаргаад бүр хоёр ч ангийг гаргачихсан байсныг нь дараа нь мэджээ. Ингээд маргаан үүсэж гаралтыг нь зогсоосон ч хамтран ажиллахаар болж байсан ТВ-үүд “Сүлд”-ийн гаргаж байсан киног авахгүй гэсэн байна. Ийнхүү киног албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн компани хүнд байдалд орж алдагдал хүлээх нь тодорхой болжээ. Сүүлдээ нэг ТВ-д гурван мянган доллароор гэхдээ бартераар өгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Харин алдагдал хохирлоо “Сүлд”-ээс нэхэж шүүхэд хандаж зарга үүсгэсэн. Өдгөө 25 сая төгрөгийн хэмжээнд хохирол яригдаж байгаа аж. Харин бусдын онцгой эрхт киног зөвшөөрөлгүй гаргасан нөхдүүд Өвөр Монголын Одон телевизтэй хамтран ажиллах аман гэрээгээр уг киног авах гэж байсан гэсэн зүйл ярьжээ. Гэхдээ одоо нийт хохирлыг төлөхгүй, харин гаргасан хоёр ангийнхаа хэмжээнд л нөхөн төлбөр төлж болох юм гэсэн аж. Мөн “Дижитал Агуулга”-ыг лицензийнхээ эрхийг хамгаалж чадаагүй, Оюуны өмчийн газарт лиценз нь бүртгэгдээгүй гэх мэтээр буртуутгажээ. “Дижитал Агуулга”-ын нэхэмжилж байгаа 12 мянган долларыг 50 ангид хуваах юм бол бидний гаргасан хоёр ангид 440 доллар ноогдож байгаа, энэ мөнгийг л төлье гэсэн хөгжилтэй зүйл ярьжээ. “Сүлд”-ийн өмгөөлөгч нь “үнэндээ орчуулагчаас нь уг киног авсан, тэр хүн нь өөр сувгуудад зарах санал тавиад явж байсан гэж сонссон” гэсэн байна.
NUUTS.mn