Трампын герман өвөө нь анхны хуримтлалаа янхны газраас "босгож" байжээ
Нийтэлсэн: 2017-02-01 12:55:27
Германы Бавари мужаас гаралтай Фридрих Трамп Нью-Йоркод 16-хан настайдаа ирж гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн нь яван явсаар ач хүү Дональдыг нь Цагаан ордоны эзэн болгосон. Ерөнхийлөгч болсон ач хүү нь цагаачдын эсрэг хатуу бодлого баримталж хурц шийдвэр гаргаж эхэллээ. Гэхдээ түүний өвөг дээдсийн түүх нь зөвхөн цагаачид л Америкийг аугаа хүчирхэг болгосныг батлах бодит нэгэн жишээ юм. Трампын өвөө Фридрих нь Германы Бавари мужийн хүн байсан. Өдгөө зарим түүхчид Друмп гэсэн овогтой байсан агаад англи хэлэнд зохицуулан Трамп болгон өөрчилсэн гэдэг. 1885 онд Америкт хөл тавьсан 16 настай залуу герман хүү эхлээд Нью-Йоркод үсчинээр ажиллажээ. Зургаан жил үсчин хийхдээ мөнгөө хэмнэж хураан маш тооцоотой амьдарсан гэдэг. Хорь гарсан хойноо хуримтлуулсан мөнгөөрөө хямдхан зоогийн газар нээжээ. 1891 онд бизнесд нь орлого олох алтан үе ирэх нь тэр. Аляскын Юконд алтны орд илэрч хэдэн арван мянган хүн Сиетл хотоор дамжин умрыг зорих болов. Трамп яаран тийшээ хүрч 400 доллароор хоёр давхар байшин худалдан авч нэг давхарт нь зоогийн газар баар нээн алтны эрэлчдийг идэж уулгаж эхэлжээ. Хоёр давхарын өрөөг түрээслүүлдэг болов.
Гэхдээ сүүлдээ тэгээр өрөөнүүд нь янхны үүр болон хувирчээ. Трамп биеэ үнэлэгчдийг өрөөндөө суулган ажиллуулж эхэлсэн нь их орлого өгдөг байсан гэнэ. Хоёр давхраас олдог орлого нь нэг давхраасаа хамаагүй их гардаг байжээ. Олон мянган хүн Юконыг зорин Сиетлээр дамжин Канад руу нэвтэрнэ. Энэ их урсгалаас олсон мөнгөөрөө хэд хэдэн иймэрхүү газар нээгээд авчээ. Канадын хүнд хэцүү хүйтэн урт өвлийг даалгүй олон арван морьд үхдэг. Трампын ажилчид үхсэн морьдын махыг шулж янзлаад замын дагуу майхан-гуанз нээн ядарч туйлдаж өлсөж цангасан алтны эрэлчдэд үйлчилдэг байжээ.
Удалгүй Америкийн засаг захиргаа баар цэнгээний газруудыг хянаж мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлтийг хориглож эхлэхэд Трампын бизнес уруудсан тул Германдаа буцжээ. Гэхдээ нэлээд мөнгөтэй болсон байв. Баваридаа ирээд нутгийн бүсгүй Елизабеттай гэрлэжээ.
Гэтэл цэрэгт татагдах аюул нүүрлэсэн тул гэр бүлээ дагуулан 1904 онд ахин Америк рүү цагаачилсан байна. Нью-Йоркод ирэхдээ дансандаа 200 мянган доллартай байсан нь их мөнгө байлаа. Фридрих нэрээ Фред болгож том хүүгээ мөн ийн нэрлэжээ.
Хөрөнгөө өсгөхийн тулд цуцалтгүй ажиллаж байгаад 1918 онд дэгдсэн халдварт “испани ханиад” гэдэг өвчнөөр өөд болжээ.
Үхэхээсээ өмнө том хүү Фредээ дэлхийн хамгийн баян хүн болж байна гэж зүүдэлсэн гэдэг. Тэр зүүд нь ч биелсэн. Том хүү нь аавынхаа итгэлийг алдалгүйгээр Нью-Йоркод өөрийн санхүүгийн эзэнт гүрнээ цогцлуулсан бол ач хүү Дональд нь Америкийн ерөнхийлөгч боллоо.