.jpg)
2014 онд ЭХЯ, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжээс Багануурын ордод гүйцэтгэх нэмэлт хайгуулын ажлын тендер зарлахад дотоодын “Эрдгео”, гадаадын “Рүнге Пинкок Минарко” зэрэг компаниуд шалгарчээ. “Рүнге Пинкок Минарко” буюу “РПМ” Австралийн компани агаад олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй айл гэнэ. Харин “Эрдгео” нь монгол компани аж. Тендерээр хүлээсэн үүргийн дагуу “Эрдгео” Багануурын ордод гүйцэтгэх нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэж Багануурын хүрэн нүүрсний ордод 2014 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулжээ. Энэ ажлыг бараг бүтэн нэг жил хийсэн байна. Боловсруулсан тайланг нь Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс Баялагийн Мэргэжилийн Зөвлөлд хэлэлцүүлэн Багануурын орд газрын нүүрсний нөөцийг 2015 оны 01-р сарын 10-ны байдлаар тооцон Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Мөн ажлын даалгаварт тодорхой тусгагдсан Багануурын ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөн өргөн хэрэглэдэг ашигт малтмалын нөөцийн МОКС (Австрали улсын) стандартаар тооцох ажлыг тендерт “Эрдгео”-тай хамтран нэг консерциум хэлбэрээр оролцсон АНУ-ын “Норвест” компани гүйцэтгэн тайлангаа цахим хэлбэрээр болон хэвлэсэн байдлаар ирүүлэн захиалагчид хүлээлгэн өгчээ. Багануурын хүрэн нүүрсний ордын нэмэлт хайгуулын ажил нь ажлын хэмжээ, хамрагдах цар хүрээ, өртөг зардлын хувьд улсын хөрөнгөөр сүүлийн 30-аад жилд хийгдсэн хамгийн том ажил байсан. Тайлан нь 1489 хуудас, тайлбар бичиг болон хүсэлт 221 ширхэг, янз бүрийн геологийн зураг график нийт 7 боть, 4 хавтас зургаас бүрджээ. “Эрдгео”-гийн тайланг Уул Уурхайн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын даргын бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн шинжээчийн мэргэшсэн баг нөөцийн тайланг нягтлан шалгаад нөөцийн тайланг "үлгэр дуурайлал болох ажил болсон" гэж дүгнэсэн гэнэ. Гэтэл Австралийн “Рүнге Пинкок Минарко” /РПМ / гэдэг компани гарч ирээд монголчуудын хийсэн тайланг жинхэнэ доош нь хийжээ. Энэ компани “Балчулуу” гэдэг монгол компанитай хамтран Засгийн газар болон Дэлхийн банкны хамтран байгуулсан Уул Уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгж(МИНИС гэх)-тэй гэрээ хийн Багануурын ХК-ын уурхайн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг авчээ. ТЭЗҮ-г “Эрдгео”-гийн тайланг үндэслэн боловсруулах байсан. “РПМ”-ын гаргасан “ АОУ-ММ-00128” дугаартай дүгнэлтэд “Норвест” болон “Эрдгео”-ийн гаргасан нөөцийн зөрүү 22% байсан гэжээ. Ингээд бөөн шуугиан дэгджээ. Энэ нь монгол компаний хувьд бараг доромжлол мэт сонсогджээ. Тайланг нь үндэслэлгүй гээд манай ажил хэргийн нэр хүндийг гутаах мэдээллийг тодорхой зорилгоор удаа дараа тараасан гэж гомдолложээ. Эхлээд “Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалт” гэсэн 13 хуудас материалыг ЭХЯ, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжийн ахлагч, төслийн зохицуулагч, Багануурын уурхайн үйлдвэр технологийн хэлтсийн дарга нарт хүргүүлжээ. Уг материалд Багануурын ордын нөөцийн хэмжээг маш их зөрүүтэй буюу 6-73%-ийн алдаатай тогтоосон гээд зориуд улаан өнгөөр тодотгосон байжээ. Үүнээс болж маргаан гарч хоёр тал ЭХЯ дээр уулзсан ч ойлголцлогүй таржээ. “Эрдгео”-гийнхан “та нар тооцоогоо буруу хийсэн бол бидний ажил хэргийн нэр хүндийг ноцтойгоор гутаасан хууль бус үйлдэл болно шүү” гэж “РПМ”-д анхааруулж. Гэсэн ч бидний гаргасан тооцоо зөв монгол компанийх буруу гэсэн мэдээллийг ЭХЯ, Багануурын уурхайн захиргаа, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжид хүргэсээр л байжээ. Дээрхи яам газрууд нь тендер зарладаг тул зориуд “Эрдгео”-г мэргэжлийн чадваргүй муу компани мэтээр харуулах гэсэн гэнэ. Монгол компаний баталж байгаар австрали компани “РПМ” нь үнэндээ Багануурын ТЭЗҮ-г боловсруулах ажлаа хугацаанд нь хийж чадаагүй аж. Харин үүнийгээ “Эрдгео” нь буруу тооцоолсон нөөцөө өөрсдөө дахин засаж хугацаа алдсанаас болсон мэтээр ЭХЯ болон төслийн удирдлагад ойлгуулах гэж л монгол компанийг гүтгэсэн гэжээ.
НУУЦ.мн