С.Зоригийн хэргийн талаар шинэ баримт дэлгэнэ гэв
Нийтэлсэн: 2017-01-06 03:11:28
С.Зоригийн хэргээр яллагдсан Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн 2017 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагт Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд тайван жагсаал хийхээр болжээ. Энэ үеэр “С.Зоригийн хэрэг”-тэй холбогдох шинэ баримтыг дэлгэх аж. Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр алагдсан билээ. Хууль хяналтын байгууллага 18 жилийн дараа хэрэг үйлдэгчдийг олж тогтоон, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс Орхон аймгийн харьяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 зааснаар буюу өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж шунахайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар захиалгаар бүрэлгэсэн хэмээн шүүж, 24-25 жилийн ял оноосон юм. Харин яллагдагчдын ар гэрийнхэн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, давж заалдахаа илэрхийлээд буй. Улсын Ерөнхий прокурорын газраас С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгаж байгаа "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байгаа юм.
НУУЦ.мн
