“Тасам” –ын эрдэмтэд Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархлаа илэрхийллээ
Нийтэлсэн: 2016-12-30 00:10:09
Тархан суугаа монголчуудынхаа тухай судалдаг “Тасам” багийн эрдэмтдийг төлөөлж төслийн тэргүүн Ц.Санчир БНТурк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Энэбишийн МӨНХ-ОЧИРТ талархлаа илэрхийлжээ. Энэ тухайгаа цахим хуудсандаа “Улиран одож буй 2016 онд тохиосон Монголын эзэнт гүрний 810 жилийн ой, Монголын Ил Хант Улсын 760 жилийн ойд зориулан гүрний туг мандаж явсан баруун жигүүрт Монгол хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын баримт болж өнөөгийн Ираны 80 гаруй хот суурин болон Иракийн Мосул, Басра, Багдадаас эхлээд Турк, Турменистан, Азербайжан, Армени зэрэг улсуудаас олдсон 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг дөрвөн бичиг, гурван хэл дээр баринтагласан "Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд" номын дээжийг Монгол улсаас БНТурк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Энэбишийн МӨНХ-ОЧИРТ хамтран ажилласан эрдэмтэн судлаачдынхаа талархлын үгтэй барьлаа. Бүс нутгийн болон олон улсын Ил хаад судлал, түүх соёл, эрдэм шинжилгээний таван байгууллага оролцож, Англи, Австралиас хэвлэлийн зөвлөх, редакторууд оролцсон энэ нөр бүтээлийн бүтэн жилийн ажил үйлс, аян замыг дэмжиж ажилласан танд баярлалаа. Хар тэнгисийн эрэг дээр Улс Монголоо төлөөлж байгаа Ерөнхий консулын газрын хамт олонд гялайлаа. Урсан одох цаг хугацаатай уралдан улс үндэстнийхээ цадиг түүхийн нэгэн үеийн өв соёлыг баримтжуулсан үйлс нь өрнөн дэлгэрэх болтугай!* Хосгүй үнэт, онцгой ховор өв соёлын дурсгалыг таньж мэдэх, шинжлэн судлах, XIII-XIV зууны урлан бүтээхийн дэг сургуулийг залгамжлан түүчээлэх шашдир түүхийн нэгэн шинэ бүтээл** ийнхүү түүхэн ойн баяраар олноо хүрэхэд бэлэн боллоо” гэжээ.
.jpg)
