Хилийн цэргээс оргосон байлдагчийг заставын даргын эхнэр нь барьжээ
Нийтэлсэн: 2016-12-22 06:55:28
Хилчний эхнэр хилчин байдгийг харуулсан явдал Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 024..-р ангид гарчээ. Энэ ангид найз охиноо бусдад алдах нь гэж айсан 21 настай цэрэг уулзахаар цэргээс оргож бөөн хэрэг мандуулжээ. Харин оргодол цэргийг заставын даргын эхнэр барьсан гэнэ. Тус ангид алба хаадаг М.Буяннэмэх нь нэлээд сэргэлэн цэрэг байжээ. Ахлах байлдагчийн өгсөн үүргийн дагуу заставын жижүүрийн өрөөнд жижүүрлэж байхдаа ангийн төв рүү холбогддог гар утсаар өөрийн найз охин М луу залгаж нэлээд удаан ярьсан гэнэ. Гэтэл ярианы төгсгөлд бүсгүйн зан авир өөрчлөгдөж хоёулаа салья, битгий дахин залгаж мессеж бичээд бай гэжээ. Энэ үед утасны цаанаас найз гэх залуучууд нь чи муу холхон бай гэх мэтийн хараалын үг хэлсэнд ихэд гутран утсаа тасалжээ. Болсон явдал залуу хилчинд том цохилт өгч хот руу явж найз охинтойгоо уулзах учраа олох талаар бодож хоносон гэнэ. Өглөний хоолны дараа заставын бие засах газрын хажуугаар гэтэж явсаар мод руу ороод модон дотор нэг хэсэг хугацаанд гэтэж явсаар шороон зам руу гарч оргожээ. Энэ орголт заставд шуугиан дэгдээсэн байна. Олон чиглэлд эрлийн баг гаргаж хайж ойг самнажээ. Тэдний дундаас заставын эхнэрийн баг л олжээ. Даргын эхнэр яг л хашир туршлагатай хилчин шиг мөр мөшгөсөн гэнэ. Тэрээр хилийн цэргийн туслах хүчний гишүүнийг удирдан Харгистайн давааны чиглэлд гарчээ. Ангийн отог орчмоор айлуудаар оргосон цэргийн талаар асууж сураглаж явсаар даваагаар давж баруун Харгистайн даваагаар орж ирдэг замаар орж ирээд Моби толгой орох замаар уруудаж байхдаа элсэн дээр явган хүний мөр олжээ. Мөрийг дагаж даваа руу өгсөн огцом эргэлттэй хэсэг дээр гараад гүйж яваа оргодол цэргийг олж илрүүлэн баривчилжээ. Харин нөхөр нь болох заставын дарга орголт гарсанд ихэд бухимдаж заставын 2016 оны ажил хөдөлмөрийн бүтээмж үр дүнг үгүйсгэсэн муу үр дагавартай гэжээ.
