“Найман шарга”-ын валютын чэнжийн мөнгөөр Урт цагааны алтны чэнжээс авсан 623 саяын алтны хэрэг...
Нийтэлсэн: 2016-12-22 06:33:07
(4).jpg)
Хил давуулах гэсэн ихэнх алт Монголын хилийг нэвтрэх гэж байгаад илэрч баригддаг. Тэгвэл 623 сая төгрөгөөр үнэлэгдэх долоон кг алт Замын-Үүдийн хил гаалыг амжилттай даваад буцаж орж ирэхдээ баригджээ. Хил тагнуулынхан их хэмжээний алт гаргах гэж байгаа мэдээлэл авсан ч гарах үед нь машиныг нь андуураад алдсан гэнэ. Гэхдээ тэдний аз болоход уг наймааны эзэд нь хил гаргасан алтаа буцаагаад оруулаад ир гэж гүйцэтгэгчдээ үүрэгдэжээ. Ингээд ороод ирэхэд нь бариад авсан байна. Энэ хэргийн хамгийн гол хохирогч нь М-У гэдэг валютын арилжаа хийдэг эмэгтэй гэнэ. Алтыг түүний мөнгөөр зээлэх маягаар авсан агаад бусдаас нь нэг ч төгрөг гараагүй. Тэрээр Одхүү Батаа гэдэг хоёр байнгийн найдвартай харилцагчидтай, тэд доллар юань их хэмжээгээр солиулдаг байжээ. Голдуу утсаар яриад хүн явуулдаг. Тэднийг хоёр өөр хүн гэж бодож байтал сүүлдээ нэг хүн байсан гэнэ. Болсон явдлын тухай тэрээр “...Батаа ах залгаад 623 сая төгрөг байна уу, хоёр хоногийн хугацаатай зээлчих нэмээд хоёр сая төгрөг өгье гэсэн. Би тэг гэсэн. 3-4 минутын дараа ахин яриад чамд алт зарчихаар таньдаг хүн байна уу” гэхээр нь таньдаг алтны ченж байгаа, би асуугаад өгье” гэсэн. Сүнжидмаатай яриад 623 сая төгрөгөнд таарахаар алт авахаар болсон. Би өөрөө очиж авсан... хар торонд хийгээд тороор нь ороосон хүнд зүйл өгөөд чиний 623 сая төгрөгөнд таарсан шүү, бичгийг нь цуг хийсэн шүү гэж хэлээд өгсөн” гэжээ. Алтны чэнж найз нь Урт цагаанд хувиараа алтны бизнес эрхлээд 7-8 жил болжээ. Хүмүүсээс цуглуулж авсан алтаа өөрийн зуухандаа гулдмайлдаг том гарынх аж. Батаа буюу Одхүү нь үнэндээ М.Жаргалсайхан гэдэг хүн байжээ. Түүнийг 623 сая төгрөгний алтыг хил гаргах ажиллагааг зохион байгуулсан гэж тогтоосон. Тэрээр “...хуучны танил Ма гэдэг ирээд алт худалдан авах саналтай байна олоод өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд дүү Мөнх-Учрал руу утсаар залгаад алт олж өгөх арга байна уу гэхэд би асууж өгье гэж хэлсэн. Би тэр үед одоогоор мөнгөгүй тул алтыг чинь хүнд зарж өгөөд оронд нь юань авч өгье гэж хэлсэн.. Мөнх-Учралаас 5, 6 цагийн үед алтыг авсан.. Алтаа авчихаад Матай уулзаад тооцоогоо хийх гэтэл банк хаасан байна, маргааш өглөө мөнгөө авчих, харин энэ алтыг Замын-Үүдэд хүргээд өгөөч гэж хэлсэн. Отгонбаатарыг Эрдэнэтээс ирэхэд нь Ма бид хоёр цуг явж байсан болохоор хамт очиж тосч уулзсан юм. Би авсан алтаа Отгонбаатарт чи Замын-Үүд рүү энэ зүйлийг авч яваад таньдаг айлдаа тавьчих гэж хэлсэн. Маргааш өглөө утас руу нь залгатал утсаа авдаггүй өөдөөс утсаар мессэж бич гээд байсан. Удалгүй алт хил нэвтрүүлсэн гэх хэрэг мандсан” гэжээ. 623 сая төгрөгний алтыг хил гаргах ажиллагаа нь доорхи схемээр явагджээ. М.Жаргалсайхан нь 7,3 кг алтаа Л.Отгонбаатард өгч Замын-Үүд хүргүүлжээ. Алтыг С.Алтангэрэл хүлээж аваад өөрийн эзэмшиж буй 00-... ДГА улсын дугаартай машиндаа хийж, Г.Дарханбатад “чи гаргаад өгчих миний машин асахгүй байна” хэмээн хэлж түлхүүрээ өгчээ. Г.Дарханбат нь Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор уг алтыг аван хил нэвтрээд буцаж орж ирэхдээ баригдсан байна. Болсон явдлын тухай тэрээр “...Алтангэрэл чи маргааш Эрээн гарах уу гэхэд гарна гэж хэлсэн юм. Тэгвэл чи шорооны дээж аваад яваач хүнд үзүүлэх гэсэн юм гэсэн. Би хил дээр гаргахгүй бол орхиод явна шүү гэж хэлсэн. Чи нөгөө хүндээ миний утасны дугаарыг өгөхгүй юу чи тэгвэл дайгаад аваад явчих гэж хэлсэн. Маргааш өглөө нь Алтангэрэлийн гэрийн гадаа очоод машины жолооч талын хаалгыг нь онгойлгож суудал дээр нь байсан юмыг аваад машиныхаа хоёр хүн суудгийн тэнд хийсэн. Тэгээд хилээр Эрээн гарсан ба намайг зээл дотор явж байхад Алтангэрэл залгаж байсан. Тэр үед сүлжээ унаад байсан. Алтангэрэл нөгөө юмаа аваад ирээрэй гэж хэлсэн. Барилгын зах орж ирчихээд зээл дээр юм цуглуулаад явж байхад хөгшин орж ирж байна уу хурдлаарай гэж хэлсэн. Би авч явж байгаа зүйлээ шороо л гэж бодсон.Тэгээд би Хятадын хил дээр ирээд гэнэт Алтангэрэлийн юмыг санаж юу юм бол гэж бодоод барьж байтал гарнаас унаад карданы тэнд ирчак дээр унасан юм. Би бууны сум юм байна гэж ойлгосон. Монгол руу орохдоо би хорио цээр болон гаалийн бичиг аваагүй шууд яваад орсон. Тэгээд мэргэжлийн хяналт дээр шалгуулаад гааль дээр ирсэн чинь тагнуулын нэг хүн ирээд Алтангэрэлийн өгсөн юмыг авъя гэсэн. Юу юм гэж асуухад намайг өшиглөсөн. Ахин гурван хүн ирээд намайг хөдөлгөхгүй барихад нь юу болсон бэ гэж асуухад эрсдэлийн хүн хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй эрсдэлийн байцаагч ирсэн. Байцаагч нь сандал дээр нөгөө зүйлийг бүгдийг нь гаргаад тавьсан. Надаас энэ зүйл мөн үү гэж асуусан би мөн гэж хэлсэн. Би алт гэдгийг мэдээгүй...гэжээ.
NUUTS.mn
