Агаарын бохирдлын оргил үед сурагчдаас гадаа шалгалт авсан нь шуугиан дэгдээжээ
Нийтэлсэн: 2016-12-21 08:58:12
Хятадын Хэнань мужийн Аньяанг хотын Лижоу дунд сургуулийн 400 сурагчаас агаарын бохирдлын ид үед сургуулийн гадаа эгнүүлж суулгаад шалгалт авсан нь шуугиан дэгдээжээ. Гайхалтай нь тус хотын дунд сургуулиудыг агаарын бохирдлын улмаас түр хаагаад байсан үед энэ явдал болсон гэж DaheNews мэдээлжээ. Сурагчдыг сургуулийн биеийн тамирын талбайд эгнүүлж суулгаж байгаад шалгалт авсан байна. Тэдэнд ширээний оронд сандал, сандлын оронд хайрцаг хувин тавьж өгчээ. Гомдол гаргасан эцэг эхчүүдийн мэдэгдсэнээр шалгалт авсан цагийг хотын агаарын бохирдлын оргил үетэй тааруулсан гэнэ.
.jpg)
Агаарын бохирдол утаа униарын улмаас үзэгдэх орчин ердөө 100 метрээр л хязгаарлагдаж байжээ. Олон хүүхэд ханиалгаж байсан ч хатуу багш нар нь шаардсаар шалгалтыг авч дуусгасан аж. Хэрэг явдал дэгдмэгц хотын боловсролын газар тухайн сургуулийн захиргааг дур мэдэн гадаахь орчинд шалгалт авсан гэж буруутгажээ. Харин сургуулийн захиргаа нь төгсөх ангийн хувьд сургууль хаагдсанаас үл хамааран зайлшгүй авах ёстой шалгалт байсан, хотын боловсролын газраас заавал шалгалтыг явуул гэж тулгасан хэмээн тайлбарласан байна.
