Metro-д бичсэнээр Киддерминистер хотын иргэн, морин спортын тамирчин Шарлотто Макперсоныг гэрийн тэжээмэл амьтантай хэрцгий харьцсан, тарчлаан зовоосон гэх үндэслэлээр шүүх адуу тэжээх, эзэмших унах эрхийг нь 10 жилээр хасжээ. Тэрээр тэмцээнд ордог Тор гэдэг морио турааж эцээн бүр яс арьс болгосон байна. Өнгөрсөн хавар сонирхогчдын тэмцээнд орохдоо хавирга хэрзийсэн мориндоо бүтээлэг тохон бүтээн шүүгчдийн нүдэнд өртүүлэлгүй нууж чаджээ. Гэсэн ч өөрийн цахим хуудсандаа маш өрөвдөлтэй болсон морь нь ард харагдаж байгаа сельфигээ оруулаад баригдсан гэнэ.
22 настай эмэгтэйд тэр даруйд тэжээмэл амьтантай хэрцгий харьцсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тусгай томилогдсон малын эмч нар Шарлотто морио турааж эцээн тураалд оруулсан төдийгүй олон тооны шарх гэмтэл учруулсан болохыг нь тогтоожээ.
-Тэрээр тураалд орсон төдийгүй нурууны гэмтэлтэй болсон мориороо долоо хоногт хоёр удаа бэлтгэл сургууль хийсээр байжээ. Учирсан гэмтлээс нь үзэхэд морь хүн мордоход маш их өвдөж тарчилдаг байсан нь тодорхой байна-
Шарлоттог адуу эзэмших унах эрхийг нь 10 жил хассанаас гадна нэг жилийн тэнсэн харгалзах ял, 360 цагийн албадан хөдөлмөр хийх шийтгэл ногдуулж 360 фунтээр торгосон байна. Тураалд орсон Тор гэдэг морийг нь хураан авч гурван сарын эрчимт тэжээл арчилгаагаар хэвийн байдалд нь буцаан оруулжээ.
NUUTS.mn