
АН-ын хаалттай хуралдаан хаалттай болохоос өөр аргагүй байжээ. Учир нь гишүүд намын удирдлагынхаа нүүрийг нь улайтал хэлсэн байна. Хурал даргалагчын ганц арга нь микрофон таслах шижүүлэх л байжээ. АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүн Ш.Жандос: -“Намын дүрмийн ажлын хэсэгт ажилласан. Ажлын хэсэг хариуцлагагүй зүйл хийсэн. Өөрөөр хэлбэл, зарчмын асуудалд тогтож чадаагүй. Гишүүн төвтэй байх уу, лидер төвтэй байх уу гэдгээ шийдээгүй. Горимын санал байна. Бүлэг тус бүрт санал хураая. Өчигдөр өглөө бид баяр ёслолын байдалтай хурал хийсэн. Өчигдөр тараах ёстой байсан дүрмийн төслөө өнөөдөр тараасан. Намын үүрүүдээс ирсэн гишүүдийн бухимдал, хийг дарах гэж баахан үг хэлүүлээ. Яагаад АН үзэл баримтлал, үнэт зүйлээ ярихгүй байна вэ. Энд тэндхийн дарга нарын захиасаар орж ирээд санал өгөх ёсгүй. Аймгийн намууд хязгаарлагдмал хариуцлагатай компани шиг болсон. Нэг том том босстой, намын гишүүдээ хайрцаглаад авчирдаг, буудалд хэвтүүлдэг, хоол ундаар дайлдаг. Өнгөрсөн 4 жил гишүүдээсээ тасарсан. Монголын ард түмэн харж байгаа, биднийг. Ардчилсан намын гишүүд бид дарга нарын баяр ёслолын хуралд алга таших гэж ирээгүй. Энэ хэвээрээ бол дахиад далаараа тавиулахад бэлэн байна. Хуралдаа, өөр өөрийнхөөрөө бүтээлчээр хандаачээ. Та нарыг явуулсан намын гишүүддээ юу гэж хэлэх вэ. Буудалд хэвтэж байгаад захиалгаар саналаа өгчөөд ирлээ гэх үү” хэмээн ярьж байтал хурлыг удирдагчийн зүгээс бүдүүлэг үг хэлж байна гэсэн сануулга өгсөн. Харин тэрээр “Д.Баттулга даргаа миний хугацаа дуусаагүй байна. Би бүдүүлэг үг хэлээгүй, саналаа хэлж байна” гэж хэлсэн ч микрофоныг шилжүүлсэн байна.
НУУЦ.мн