МАН-ын хаалттай хуралдаанар дөрвөн яамыг АН, ИЗНН-д хувааж өгөх тухай яригджээ
Хаалттай болсон МАН-ын бүлгийн хуралдаан улам бүр сонирхол татаж байна. Хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөгүй нь бүр ч их “хорхой” хүргэсэн. Тэд энэ хурлаар хариуцлагын тухай ярьсан, дотоод асуудал хэлэлцсэн хэмээн ерөнхий зүйл мэдээлж байгаа ч яриа хөөрөө нэлээд хурц ширүүн болжээ. Бүр “зарчмын зөрүүтэй” гэмээр ч санал гаргасан байна. Энэ нь хариуцлагын тухай яригдах үед хөндөгджээ. Хариуцлагыг ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, БСШС-ын сайд Ж.Батсуурь, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын хүрээнд ярьсан нь мэдээж. Түүн дээр Хууль зүйн сайд С.Бямбацогтод хариуцлага тооцох, бүр сайдын суудлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай хажуугийн санал гарсан байна. Энэ саналыг Ж.Энхбаяр гишүүн гаргасан байх магадлалтай. Нэр бүхий сайд нарыг огцруулах хүрээнд бүр Засгийн газартаа зарчмын өөрчлөлт хийе гэсэн санал гарч бөөн хэрүүл дэгдээсэн гэнэ. Энэ нь Сангийн яамыг хасаад 3-4 яамыг АН, ИЗНН-д хувааж өгөх тухай аж. Ардын намынхан энэ янзаараа энэ байдлаараа улс орныг эдийн засгийн уналтаас гаргах чадваргүй гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь бодит байдалтайгаа эвлэрсний шинж юм. Төрийн бодлого үйл ажиллагаа нь анхнаасаа бүтэлгүйдэж дээр нь салбар хариуцсан сайд дарга нарых нь болчимгүй алдаанууд нэрмээс болж нэр хүндийг нь барж дуусгасан. Үүнд Сангийн сайд, ЭМ-ийн сайд зэргээс гадна хотын удирдлагыг дурдсан байна. Сонгуульт дөрвөн жил нүд ирмэх зуур өнгөрнө. Тэр цагт хариуцлагыг хар толгойгоороо дангаараа үүрч байхын оронд улстөрийн өрсөлдөгч нартайгаа хамт нүүрээ улалзуулж суусан нь дээр хэмээн зарим гишүүд санал үндэслэлээ гаргасан байна.