Дуучин Амараагийн өмгөөлөгч хотын дарга, НИТХ-ын дарга нарыг шалгуулах хүсэлт гаргажээ
Нийтэлсэн: 2016-12-05 09:10:20
(2).jpg)
Саяхан болсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ая дуугаа өргөснийхөө дараа ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан хэрэг гарсан билээ. Дуучин Амараагийн өмгөөлөгч Г.Батбаяр “Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсныг нь гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй” хэмээн үзэж буйгаа илэрхийлж, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, МАН-ын дарга М.Энхболд, ХУД-ийн Цагдаагийн Хэлтэст хүсэлт гаргажээ.
ХУД-ийн Цагдаагийн Хэлтэст:
Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь МУ-ын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж байгаа. ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулж, танхайрсан гэмт хэрэг тус хэлтэст шалгагдаж байгаа. Гэмт хэрэг гардаг шөнө буюу 2016.11.22-ний 23 цагийн орчим С.Амармандахыг бусдад зодуулан ухаан нь орж гаран хэвтэж байх үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан байна гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хохирогчийн мэдүүлэгт “..би ухаан орж гаран хэвтэж байх үед нэгэн албан тушаалтан “..хүмүүст битгий мэдэгд, битгий харуул.. хурдан өөр өрөөнд өргөөд оруул..” гэх мэтээр тушааж бусдаас тусгаарлан удаан хугацаагаар ганцааранг байлгасан тухай дурдсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа хохирогч бусдын тусламжгүйгээр хэргийн газраас холдон явж, гэртээ арайхийн очиж эхнэртээ мэдэгдснээр эмнэлэгт хүргэгдэн амь нас аврагдсан байна. Олон нийтийн дунд нэгэнт илэрхий тодорхой болсон үйл явдлыг зориуд нуун дарагдуулж, С.Амармандахын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд байгааг мэдсэн хирнээ түүнийг орхин явсан С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа болон бусад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг ЭХ-ийн 35 дахь хэсэгт заагдсныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 107, 246, 247-р зүйлд заагдснаар шалгаж ерөнхий ангийн 9.1 дэхь хэсгийг хангах нь зүйтэй байна.
Хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
НУУЦ.мн
