Далай ламын айлчлал, Хятадын тал хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүний хураамжийг нэмсэн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тодруулга хийлээ.
-Далай ламын айлчлалаас болж БНХАУ-ын талаас хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүний хураамжийг нэмлээ гэх асуудал яригдаж байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Гашуунсухайт боомтоор гарч буй бараа бүтээгдэхүүнд татвар биш, хураамж нэмсэн асуудлыг тодруулсан. 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу Далай ламын айлчлалаас өмнө ӨМӨЗО-ы Хөгжил шинэчлэлийн хорооноос боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэх тухай шийдвэр гарсан байна. Дараа нь Баяннуур аймгийн захиргаа дээрх тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэрээ 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргажээ. Уг тогтоолд нэг тонн нүүрснээс таван юань авч байсныг найман юань болгосон байна. Нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнийг нь арван юань авахаар шинэ хураамж гаргасан. Зэсийн баяжмалаас таван юань авч байсныг үнийн дүнгийн 0.2 хувь болгосон. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр төлөхөөр болж байна. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх вэ, цуцлаж болох уу, эсвэл үнийн дүнг буулгах уу гэдэг дээр ярилцаж байна.
-УИХ-ын дарга М.Энхболдын ач хүүг X Богдоор тодруулсан, энэ тухай намын бүлэг дээр яригдсан гэх мэдээлэл хэр бодитой вэ?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Далай ламын айлчлалын тухай “Сэжигтэй айлчлал” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Уг нийтлэлд Засгийн газар санаатайгаар Далай ламын айлчлалыг зохион байгуулсан. Зохион байгуулахдаа УИХ-ын даргын даалгавраар зохион байгуулж, улмаар X Богдоор УИХ-ын даргын ач хүүг тодруулсан гэх хариуцлагагүй мэдээлэл гарсан байна. Сэтгүүлч хүнд хардах эрх нь бий. Гэхдээ Засгийн газрын удаа дараа гаргаж байгаа мэдэгдлийг анзаарч, учир зүйтэй асуудалд хандах хэрэгтэй байлаа. Иймээс миний бие хариуцлагатайгаар мэдэгдэхэд Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар, ГХЯ оролцоогүй. Монгол төрийн бусад албан тушаалтан оролцсон эсэхийг би мэдэхгүй. Тийм болохоор гүйцэтгэх засаглалын хийсэн ажлыг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд УИХ, Засгийн газар айлчлалд оролцоогүй хэмээн хэлэх байна. Тэр тусмаа УИХ-ын дарга М.Энхболдын ач хүү X Богдоор тодорсон зүйл байхгүй. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлэг дээр хариуцлагатай мэдэгдсэн.
-БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?
-Тодорхойгүй хугацаагаар яриа хэлэлцээрүүд болон айлчлалууд хойшилсон. Бид гадаад харилцааныхаа шугамаар БНХАУ-ын талд Засгийн газрынхаа байр суурийг маш тодорхой хэлж байгаа. Энэ байдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй юм. Монгол Улс өөрийнхөө зарчмын байр суурийг баримталсан хэвээр байгаа. Монгол Улс бол БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ баталж хэлж байгаа. Мөн яриа хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа тавьсан. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрынхаа хуралдаанаар ярилцаж тохирох, байнгын хороотойгоо зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ хийж байя.
Мөн зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. Бид “Төсөв хүнд байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээсээ илүүтэйгээр “Бид ийм бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд хэдэн хувиар буурна. Дараа жил ч мөн буурна. Зардлаа хэмнэж орлогоо нэмэгдүүлнэ. Төсвийн хариуцлагатай бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэдгээ танилцуулаад явах ажлуудыг хийж байна. Манай Засгийн газар төлөвлөсөн ёсоороо бусад орнуудтай асуудлаа ярьж байна. Энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд айлчилж Европын түншүүдтэйгээ уулзана.
-БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн үү?
-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирвэл би хэлнэ.