ИУ “төсвийн” мөнгө идээд зугтсан дайчдаа газар дээр нь өчиггүй буудахыг тушаажээ
Нийтэлсэн: 2016-11-06 14:17:28
Үнэнч шударга, хэт туйлширсан үзлээрээ алдартай Исламын улсад хүртэл манай МАНАН-гийх шиг нөхдүүд байдаг аж. Иракийн кабелийн “Ас-Сумария” телевизийн мэдүүлснээр Мосул хотоос ухрах үед Исламын улсын тухайн салбар ангийн мөнгө санхүүг хариуцаж байсан таван дайчин “төсвийн” мөнгийг аваад зугтаасан байна. “Ичих нүүргүй” идэн шамшигдуулагчид ангийнхаа дайчдад тавьж олгох байсан цалингийн санг тэр чигээр нь хоосолсон нь нэлээд хэдэн сая долларт хүрэх гэнэ. Уг салбарын мөнгө санхүүг Абу аль-Бара аль-Кахтани гэгч харицдаг байсан ч доод тушаалын дөрван ажилтнаа урвуулан дагуулаад хамаг дансыг хоослоод зугтжээ. Болсон явдал бүлэглэлд том шуугиан тарьжээ. Дээд удирдлагын хатуу шийдвэрийн дагуу мөнгө идээд зугтсан таван нөхрийг өндөр хэмжээнд эрэн сурвалжилахаар болжээ. Исламын улсын “ариун” зорилгыг гутаасан тавыг амьдаар нь барьж ирэх, боломжгүй бол газар дээр нь өчиггүй буудан хороох тушаалыг бүх лал сүсэгтнүүдэд өгсөн байна. Мөнгө идэгсэдийг Сирийн хилээс 60 км зайд орших Телль-Афар хот руу зугтсан хэмээн таамаглаж тусгай үүрэгт багийг илгээсэн гэнэ. Исламын улсын хяналтанд хоёр жил шахам байсан Мосул хот руу өнгөрсөн сарын дундаас Засгийн газрын цэрэг дайрч эхэлсэн. Энэ өдрүүдэд уг хотыг бүрэн чөлөөлөөд байна. 