.jpg)
Австрали эмэгтэй Лиза Пликш нөхөр Бений хамт төрөөд дөрөвхөн сар болж байгаа охин Жэйми нь дуу авианд хару үйлдэл үзүүлэхгүй байгааг ажиглажээ. Шинжилгээгээр охины баруун чих нь бараг сонсдоггүй, харин зүүн чих нь муухан сонсголтой гэсэн хариу гарчээ.
Охинд сонсголын аппарат зүүж өгсөн ч хөдөлгөөнд орж шүд нь ургаж эхлэхийн хамт аппаратаа чихнээсээ татаж гаргах, зажлах зэргээр хүндрэл учруулж эхэлсэн байна.
Энэ үед л Лиза сонсголын аппаратыг хүүхдийн чихэнд өөрт нь эвтэйхэн бас унагахгүйгээр тогтоох тогтоогч хийх санаа төржээ.
-Нярай хүүхдүүд бүхнийг барьж үзэж тэмтрэх гэдэг. Сонсголын аппарат тогтоогчийн тухайд хүмүүс Америкд үйлдвэрлэсэн малгайг ашигладаг байсан. Гэтэл тэр нь хүүхдэд таарамжгүйн дээр өнгөний маш муу уйтгартай сонголттой байсан-
Ингээд сонсголын аппаратыг тогтоох хөнгөхөн, эвтэйхэн бас хүүхдийн хөдөлгөөнд таарахын дээр нас хүйсэнд нь тохирсон өнгөлөг үзэмжтэй тогтоогч хийхээр зураг дизайныг нь гарган материал сонгосон байна. Үр дүнд нь ийм тогтоогч хийжээ.
Эхлээд охиндоо дөрвийг хийж өгсөн нь тун сайхан таарчээ.
-Охинд маань тогтоогчийн өнгө хэлбэр тун их таалагдсан нь урам зориг өглөө. Жэйми өөрөө ч өнгө дизайны янз бүрийн санал гаргах болсон. Мөн чимэглэл нэмүүлэх гэдэг-
Лизагийн бүтээлийг сонсгол муутай хүүхдүүдтэй хүмүүс дорхноо анзаарчээ. Эхлээд найз нарынхаа гуйлтаар хийж өгдөг байсан гэнэ.
-Би тогтоогчоо хүүхдүүдээ унтуулсаны дараа шөнө голдуу хийдэг. Сүүлдээ хийж байгаа зүйлийнхаа амтанд орсон. Ингээд хийсэн тогтоогчоо интернетээр зарж борлуулахаар шийдэн Etsy гэдэг сайт нээхэд тэр дороо л 200 захиалга авсан-
Өдгөө “Лизагийн аниргүй ертөнц” гэдэг интернет-дэлгүүр нь Америк, Англи,Япон зэрэг орон луу нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаргадаг болжээ.
-Би өөрийнхөө бизнесийг их чухал гэж боддог. Сонсгол муутай хүүхдүүд аппарат зүүхээсээ ичдэг, зүүдэг гэдгээ нуух гэж оролддог. Харин миний тогтоогч тэдэнд ичиж зоволгүй нууж хаалгүй зүүх боломж олгодог. Мөн гүйж харайх тоглох спортоор хичээллэх үед ч аппарат унана гэж айх хэрэггүй-
NUUTS.mn