Оросын Думын гишүүний туслах ИУ-ынхантай хийсэн тулалдаанд алагджээ
Reuters агентлагийн мэдээлснээр Сирид хөлсний цэргээр байлдаж байсан Оросын төрийн Думын гишүүн Михайл Дегтяревийн экс туслах Исламын улсынхантай хийсэн тулалдаанд алагджээ. Михайл Дегтярев нь Владимир Жириновскийн удирддаг ЛДПР намых аж.
Тулалдаан 10-р сарын сүүлээр Пальмир хавьцаа болсон гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээгээр хүнд шархадсан туслах эмнэлэгт хүргэгдэх замдаа шархаа даалгүй өнгөрчээ. Экс туслах өмнө нь Донбассд бас хөлсний цэргээр байлдаж байсан туршлагатай агаад Сирийн Засгийн газрын талд хөлсний цэрэг нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Вагнер” гэдэг компанитай гэрээ байгуулсан байжээ. Энэ компани нийтдээ 600 гаруй орос иргэнийг Сирид явуулсан. Засгийн газрын талд байлдаж байгаа орос хөлсний цэргүүд сардаа 2-3 сая рублийн цалин авдаг тухай мөн мэдээлжээ.