Америк маягийн найрсаг зочломтгой занг харуулсан хэрэг дэгджээ. New York Times-д мэдээлснээр 41 настай солонгос гаралтай Адам Краспер өөрийгөө энэ олон жилийн турш Америкийн иргэн гэж бодож байсан нь худлаа болж саяхан төрөлх орон луу нь албадан гаргах эцсийн шийдвэр гарсан байна. Түүнийг дөрвөн настай байхад нь Солонгосд ирсэн америк гэр бүл асрах газраас эгчийх нь хамт өргөж авчээ.

Адам гэдэг шинэ нэртэй болсон хүү амьдралын хамгийн азтай сугалаа сугалан Америкд ирлээ гэтэл олон жилийн жилийн зовлон бэрхшээл нь дөнгөж эхэлж байсан гэнэ. Америкд Ази зэрэг орноос бэлгийн гаж сонирхол болон аж ахуйдаа ажиллуулах зорилгоор хүүхэд өргөж авах нь ихээхэн тархсан. Хөөрхий Адамд бас л тийм гэр бүл таарчээ. Тэрээр Орегон мужид шинэ гэртээ ирсэнээс хойш эгчийн хамт өргөмөл эцэг эхийн зүгээс олонтоо зодуур болон бэлгийн дарамтанд өртсөн гэнэ. 13 настай байхад нь буюу 1992 онд өргөмөл эцэг эх нь хүүхдүүдээ хүчирхийлсэн бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр хоёр жилийн хорих ял авч тэд салжээ. Адам эгчийн хамт асрамжийн газар шилжигдсэн байна. Тэрээр 16 наснаасаа эхлэн бие даан амьдарч Орегон муждаа төвхнөн цагаачилж ирсэн вьетнам бүсгүйтэй гэрлэн хоёр ч хүүхэдтэй болжээ.

Гэтэл 2012 оноос эхлэн цагаачлалын алба түүнийг сонирхоод эхэлсэн аж. Тэдний үзэж байгаагаар Адам нь Америкийн иргэн ч бишийн дээр олон жил хууль бусаар оршин сууж амьдарч байгаа болж таарчээ. Бэлгийн дарамт үзүүлдэг байсан эцэг эх нь өргөж авахдаа бичиг баримтыг нь хүнд сурталых нь дагуу бүрэн бүрдүүлээгүйгээс ийнхүү хохирчээ. Харин эгчид нь аз таарч иргэншил авч чадсан байна. Бүтэн дөрвөн жилийн турш өөрийгөө Америкийн иргэн гэдгийг нотлох гэж олонтоо шүүхдсэн ч эцсийн шийдвэр цагаачлалын албаны талд гарч өдгөө Адам хэзээ мөдгүй албадан гаргуулахдаа тулжээ. Өдгөө тэрээр бууж өгч Солонгсд байдаг хамаатан садантайгаа холбоо барьж Сөүлийн ойролцоо төвхнөхөөр болжээ.
-Энэхүү зүүд зэрэглээ шиг явдалд сайн тал ч байна муу тал ч байна. Баярлах ч зүйл байна гомдох ч зүйл гарлаа. Гэхдээ эцсийн эцэст намайг иргэний хувьд хүлээж авах эх орон гэж байгаа нь ганц үнэн юм-
НУУЦ.мн