“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ний төвийн бүсийн салбарт гарсан хахуулийн хэрэг юу болов...
Нийтэлсэн: 2016-11-03 01:19:09
Төрийн өмчит компаниудад ажилд орох, албан тушаал авахын тулд мөнгөөр наймаалцах явдал хэрээс хэтэрчээ. МАН-ын дээд удирдлагын хооронд болсон гэх 60 тэрбумын бичлэгт гардаг явдал тэнд л жинхэнэ утгаараа болж байна. 2014 оноос П.Мөнххишигийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд орохын тулд тус төвийн бүсийн дарга Г.Болдод хоёр сая төгрөгний хахууль өгсөн гэх хэрэг дэгдсэн. Төвийн бүсийн экс дарга нь хоёр сая төгрөг өгсөн гэх хүнийг 2014 оны 9-р сарын 12-ны өдрийн 169-р тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилсон байжээ. Гэхдээ шүүхийн шатанд энэ үйлдэл нь батлагдаагүй хэмээгдэн хэрэг нь хэрэгсэхгүй болжээ. Харин төвийн бүсийн экс даргыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэнэ. Энэ аргаар нийтдээ 5,1 сая төгрөгийн орлого олсон гэж үзжээ. Тэгэхээр өөр бусад хэргүүд мөрдөн байцаалтын шатанд гарч ирсэн бололтой. Шүүхээс төвийн бүсийн экс даргад гурван жилийн хорих ял оноосон бол П.Мөнххишигийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
