Филиппин хос цагдаагийн захиалгаар хар тамхины 800 наймаачинг хөнөөснөө хүлээжээ
Нийтэлсэн: 2016-10-25 13:21:20
Өнгөрсөн 6-р сард энэ улсын ерөнхийлөгч Родриго Дутарте хам тамхины наймааны эсрэг хайр найргүй дайн зарлаж хар тамхины наймаачдыг өчиггүй буудан алах эрхийг цагдаа хүчний байгууллагадаа өгсөн. Өдгөө “алуурчин” гэдэг нэр аваад байгаа ерөнхийлөгч улс орноо хар тамхинаас цэвэрлэхийн тулд 100 мянган хар тамхины наймаачдыг хөнөөж цогцсыг нь далайд хаяж загасны хоол болгохоо мэдэгдсэн. Хар тамхины наймаачдыг авлаж эхэлсэн дөрвөн сарын дотор нийтдээ 4,4 мянган хар тамхины наймаачдыг буудан хөнөөжээ. Үүнээс 1711-ийг нь цагдаагийнхан устгасан бол 2730-ийг нь дор өгүүлэх хос шиг албан бус хөлснийхөн алсан байна. Австралийн SBS Dateline суваг тэдгээрийн нэг болох Шейла, Эйс гэдэг эхнэр нөхөр хоёртой уулзаж ярилцлага авч чаджээ.

“Ав” эхэлснээс хойш тэд нийтдээ 800 хар тамхины наймаачдыг хөнөөж нэг толгойн төлөө 100 долларын хөлсийг цагдаа нараас авчээ. Нүүр царайгаа нууцалсан гэр бүлийн хоёр энэ нь өдгөө дөрвөн хүүхдийг нь тэжээх үндсэн ажил нь болсон гэдгийг хүлээсэн байна.
-Босс маань зөвхөн утсаар холбогдож хэнийг ямар хугацааны дор “цэвэрлэхийг” үүрэгддэг. Тэд голдуу хар тамхины наймааны бага гарын наймаачид байдаг. Гэхдээ тэд манай боссд ямар нэгэн хэмжээгээр саад төвөг учруулж замд нь хөндөлссөн гэсэн үг. Бид тэднийг нь хөнөөдөг юм. Тухайн байны талаархи бүх мэдээллийг утсаар өгдөг. Бид маш хурдан устгаад хэргийн газраас зайлах учиртай. Манай босс цагдаагийн газарт өндөр албан тушаал хашдаг том хүн байдаг-
Энэ ажлын хүчээр л тэд гэр бүлээ тэжээж байгаа гэнэ. Өдгөө энэ ажлаа хаях ямар ч аргагүй болжээ. Хэрвээ тоглоомноос гарвал босс нь эргээд устгаж магадгүй аж.
-Анх энэ ажлыг авахдаа ямар эрсдэлтэйг нь би сайн мэдэж байсан. Хэрвээ эхлээд татгалзсан бол хүүхдүүдийнхээ хоолны мөнгийг олж чадахгүйд хүрнэ. Би үүнээс өөр төрлийн ажил хийж чадахгүй. Харин одоо гарах аргагүй болсон. Хэрвээ ажлаа орхивол босс намайг бас манай гэр бүлийг хаанаас ч олоод тооцоо хийж чадах хүн. Эхнэрийн тухайд тэрээр эмэгтэй хүн тул сэжиг төрүүлэхгүйгээр байнд маш ойрхон очиж чадддаг. Би үүнийг нь ашиглаж эхнэрээ оролцуулсан. Эхнэр маань байнд ойртонгуутаа ажлаа хэнээс ч дутахгүй хурдан цэвэрхэн хийдэг-
Гэхдээ тэд аллага үйлдсэнээрээ улс орныг нь залгих шахсан хар тамхины аюулыг зайлуулахад тус болж байгаа гэж өөрсдийгөө тайтгаруулдаг.

-Манай групп нийтдээ 2800 байг устгах ёстойгоос ¼-ийг нь хийгээд байна. Мэдээж бид том нүгэл үйлдэж байгаа ухаардаг. Гэртээ хариад хүүхдүүдээ харахаар бүр ч сэтгэл бачимддаг. Гэхдээ миний алсан хүн надаас бүр муу нэгэн байсан гэж өөртөө итгүүлэхэд арай дээр болдог юм. Хэрвээ би тэрнийг хөнөөгөөгүй бол олон хүн амь амьдралаа алдах байсан. Үүнийхээ төлөө тэр хүн үхэх ёстой агаад үүнд миний буруу байхгүй. Хэрвээ би эсвэл өөр хэн нэг нь үүнийг хийхгүй бол үр хүүхдүүд маань хар тамхичид болно. Би даалгавар авах бүрдээ энэ сүүлчийнх нь байгаасай гэж залбирдаг. Бид мэтийн хүмүүс хар тамхины наймаачдыг устгаж байгаа ч голдуу бага гарынхан л бай болоод дуусаж байна. Гэтэл их гарын наймаачид нь үлдсэн. Тэд ахиад л хүмүүс олоод авчихдаг. Гэхдээ энэ нь бидний хувьд ажил юм. Нэгэнт ажлаа хийсэн тул боссоос гэр бүлээ тэжээх хэмжээний хөлс авдаг-
Филиппины ерөнхийлөгч Родриго Дутарте цагдаа нараа гараа чичрүүлэлгүй үүргээ биелүүлэхийг шаардсаар байна.
-Та нар үүргээ л биелүүл. Хэрвээ тавьсан зорилтдоо хүрэхийн тулд мянган хүн алах хэрэгтэй бол ал. Харин та нарыг би хамгаалаад гарна-
NUUTS.mn
