Ким Кардашьяныг “дээрэмдсэн” гэсэн нь сайтар найруулсан шоу байжээ
Нийтэлсэн: 2016-10-04 12:16:05

Дэлхийн цахим ертөнцөд өчигдөр гарсан Ким Кардашьяныг дээрэмдсэн гэх Парисын хэргийг тал талаас нь хэлэлцэн маргаж байна. Хэрэг гарсанаас хойш хэдхэн цагийн дараа Кимийг туслах нар нь Шарль-де-Голлийн олон улсын нисэх буудлаас хамгаалалт дор тусгай рейсийн онгоцонд суулгасан.

Онгоц 4-ний өглөө Нью-Йоркод буухад нөхөр Канье Уэст болон ээж Крис Жэннер нар угтжээ. Нөхөр нь эхнэрээ дээрэмдүүлсэн гэдгийг сонсоод Филадельфид болж байсан аялан тоглолтоо зогсоон яаралтай буцаж ирсэн.

Өдгөө тэдний гэрийг 20 хамгаалагч хамгаалж байгааг хэвлэлийнхэн тоолон гаргажээ.

Парисаас Кимтэй хамт хувийн шалгарсан итгэлт хамгаалагч гэгддэг Паскаль Дювье хамт ирсэн. Эзэн хатагтайгаасаа өдөр шөнийн ямар ч цагт алхам ч холдодгүй гэдэг энэ бакь хамгаалагч дээрэм гарах үед зочид буудалд байхгүй байсан нь одоо ч гайхал сэжиг төрүүлж байна.

Цахим ертөнцийнхэн Кимийг дээрэмдүүлсэнд янз бүрээр хандсан. Зарим нь өрөвдөн харамсаж байгаа бол хохь хэмээн хараан зүхэгсэд ч олон гарчээ. Гэхдээ хамгийн том бүлэг нь өрөвдөн хайрлагсад, хараан зүхэгсэд бус харин болсон явдалд үл итгэгчдийн асар том арми юм. Кардашьяныхан гэр бүлийнхээ амьдралыг асар их орлого оруулдаг телевизийн том шоу болгосны хувьд үзэгчдийг татах шоу сенсааци байнга зохиож зохион байгуулж ирсэн. Тийм ч учраас олон нийтийн зүгээс гэр бүлийг нь сонирхох сонирхол эрс буураад ирмэгц ээлжит нэгэн шоу дэгдээж Парисын дээрмийг өөрсдөө найруулсан байх бүрэн магадлалтай гэнэ.
