М.Билэгтийн “Ачлалтрейд” 3 тэрбумын татварын торгууль, 1.9 тэрбумын алдангиа Өршөөлийн хуульд хамруулж чадах уу…
Нийтэлсэн: 2016-10-04 01:10:46
Одоогоор азаар чадаагүй л байна. Татварынхан энэ мөнгөө нэхсээр л байгаа. Гэхдээ “Тунгалаг Тамир” кинонд гардагчилан “мөнгөтэй чадалтай хүн хүссэнээ хийх”-ийг үгүйсгэх аргагүй биз. Төрд төлөх учиртай татварын асар их өртэй бизнесмэн эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгогдчих юм. Нийслэлийн Татварын газрынхан “Ачлалтрейд” компаний 2013 оны 1-р сарын 01-нээс 2014 оны 12-р сарын 31-ний өдрийн албан татвар, төлөлтийн байдалд шалгалт хийж 4,4 тэрбумын нөхөн татвар, 3,1 тэрбумын торгууль, 1,9 тэрбумын алданги гээд нийт 9,5 тэрбумын төлбөрийг ногдуулсан аж. Энэ шалгалтыг иргэний мэдээллээр хийгдсэн гэдгийг татварынхан нуугаагүй. Төрийн хууль тэр тусмаа татварын хуулийг чанд мөрдөх учиртай гишүүн хатагтайн компаний хоёрхон жилийн бизнесээс бараг 10 тэрбумын зөрчил илэрчээ. МАН-ын гишүүн хатагтай нарын компаниудад энэ нь жишиг тоо бололтой. Ц.Гарамжавын “Монполимет”-ээс Монголбанк бас л 10 тэрбумыг нэхэж байсан. М.Билэгтийн компани актыг хүлээн зөвшөөрч энэ оны 2-р сар гэхэд 4.4 тэрбумын нөхөн татвар төлсөн гэнэ. Харин 3,1 тэрбумын торгууль, 1,9 тэрбумын алдангийг төлөлгүйгээр Өршөөлийн хуульд хамруулах гэж хаваржин зүтгэсэн аж. Сүүлдээ дээрх төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйбайгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож алданги торгуулийг өршөөлд хамруулахыг татварынханд даалгахаар шүүхдэж хүртэл үзсэн байна. “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу өршөөлд хамруулах хугацаа энэ оны 2-р р сарын 20-ны өдөр дууссан. “Ачлалтрейд”-ынхан торгууль алдангийг өршөөлд харуулах учиртай хэмээн махран зүтгэж татварынхныг бичиг цаасаар дарсан. Өршөөлд хамруулаагүйгээс болж манай компани маш их хохирсон гэж дайрдаг. Гэтэл татварын асар их зөрчилд нь ногдуулсан торгууль хүүгээ авч чадахгүй байгаа төр хохирсон эсэхийг тэд бодож үзээгүй байна. Магадгүй асар их өртэй бизнес ардаа чирсэн хүнийг төрд сонгосон сонгогчид ч хохирсон байхыг үгүйсгэхгүй. Уг нь УДШ-ийн Иргэний хэргийн танхим Өршөөлийн хуульд татварын хүү, торгууль, алданги хамаарахгүй хэмээн тогтоол гаргасан. Түүнээс гадна “Ачлал трейд”-ийн орлогоо нуун дарагдуулаагүй, нуусан орлого хөрөнгө нь хяналт шалгалтаар илрээгүй, харин нь ч зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдож актаар баталгаажсан тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай үйлчлэлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй аж. Тэгээд ч торгууль, алданги нь “татварын өр” гэсэн ойлголтод тооцогддог. Татварын өрийг өршөөлийн хуульд хамруулахгүй гэдгийг хууль батлах үеэс л ярьж байсан. Харин “Ачлалтрейд”-ынхан торгууль алдангийн 4 тэрбумаа төлөхгүйн тулд хамрагдах ёстой гэсээр байна. Өдгөө энэ асуудал нь УИХ-ын түвшинд нэлээд хүчтэй лобби болж явагдаж магадгүй юм. Татварын торгууль алдангийг өршөөлд оруулах эсэх талаар иргэний болон захиргааны шүүх хоёр өөр тайлбар гаргасан нь улстөрч-бизнесмэнүүдэд “олз” болсон. Бизнесмэнүүдийг энэ мэт юмаа “янзлах” гэж улстөрд ордог гэдэг. Харин М.Билэгтийн компани төрд төлөх учиртай торгууль алдангийн 4 тэрбумаа төлчихвөл худлаа гэдэгт бид итгэе…
