Баянзүрхийн Сонгуулийн хороо бие даагчдыг бүртгэхээс татгалзжээ
Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвших хүсэлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд 32 хүн бие даан нэр дэвшихээр хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Гэсэн ч хуулийн хугацаанд баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан гэдгийг иргэдийн төлөөлөл онцолсон юм. Мэдээллийн үеэр бие даан нэр дэвшигч Б.Батбаяр “Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээр дуусгавар болно гэж хуульд заасан байгаа. Нэр дэвшүүлэх ажиллагаанд юу байх ёстой вэ гэдгийг дүүргийн сонгуулийн хороо анхнаасаа тайлбарлах ёстой байсан. Гэсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Нэр дэвшихээр бүртгүүлэхдээ “Иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй л” гэсэн. Хоёр салаа утгаар хэрэглэж болох хуулийн заалтаар биднийг бүртгээгүй. Сонгуулийн хорооны үзэмжээр бидний нэр дэвшүүлэх эсэх асуудал шийдэгдчихлээ. СЕХ-ноос гаргасан захирамжаар сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэх хугацаа есдүгээр сарын 3-ны 17 цагаас өмнө бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Энэ дагуу энэ өдрөөс өмнө бид 201 хүний гарын үсгээ цуглуулж өгсөн. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооноос 201 хүний гарын үсгийг зуруулахдаа наймдугаар сарын 31 гэж бичих ёстой байсан гэсэн тайлбар өгөөд биднийг бүртгээгүй” гэлээ.