“НИК”-д торгууль тогтоох ажлын хэсгийн ахлах байцаагчийн ажлаасаа халагдсан хэргийг сөхөхөд…
УИХ-д Т.Аюурсайхан гэдэг шударга үнэний өвч хуягаар битүү хуяглагдсан залуу гишүүн салхи татуулан орж ирсэн. Өнгөрсөн сонгуулийн өмнө залуу гишүүнтэй холбоотой нэгэн шуугиан дэгдэж байсан нь ШӨХТГ-ын экс дарга О.Магнайтай хийсэн хэрүүл тэмцэл байсан. МАНАН-гийн хоёр залуу хоюулаа л энэ чухал байгууллагийг толгойлж байсан. АН-аас томилогдсон экс дарга нь Ардын намын залууг “НИК”-тэй холбоотой торгуулийн хэргээр буруутгасан. Энэ нь ч үндэслэлтэй байх талтай. Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар ирэнгүүтээ “НИК”-д тавьсан торгуулийн асуудлыг удаашруулсан гэх үндэслэлээр энэ ажлыг голлон хариуцаж байсан байцаагч Ж.Очирхуягийг халсан. Гаднаас нь харахад монополь компанитай дайн зарлаж байгаа мэт боловч цаагуураа дайны галыг харин ч унтраасан байж магадгүй нөхцөл байдал эндээс илэрдэг. Ардын намын залуу байцаагчийг “НИК”-д оноосон торгуулийн ажлыг 2 жил өнгөрөхөд дуусгаж эцэслэн шийдвэрлээгүй, хугацаа алдсан хэмээн буруутгаж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Халахаасаа өмнө А/161 тоот тушаалаар байцаагчийг ажилд дүгнэлт өгөх ажлын хэгийг байгуулсан байжээ. Ажлын хэсгийн дүгнэлтэнд “НИК”-д торгууль тооцохыг үүрэг болгосон Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй удаашруулж хоёр жил сунжруулсан нь тогтоогдсон гэж гарчээ. Энэ нь Д.Аюурсайханы хүсэж байсан зүйл байсан биз. “НИК” болон ШӨХТГ-ын торгуулийн маргаан 2012 оноос эхэлж гурван шатын шүүхийг дамжсан. Давамгай аж ахуйн нэгжээр зарлагдсан компаний нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2013 оны 7-р сарын 4-ний өдрийн 208 дугаар магадлалаар хянан шийдвэрлэхдээ “НИК” нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1 дэх заалтыг зөрчсөн болохыг батлан тогтоож, улсын байцаагч нарын дүгнэлт, албан шаардлагыг хэвээр үлдээж торгууль ногдуулсан шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Хамгийн чухал нь торгуулийн хэмжээг дахин тооцож шинээр торгууль тавихыг ШӨХТГ-д даалгасан. Компани давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ч Улсын дээд шүүх магадлалыг хэвээр нь үлдээсэн. Шүүхийн магадлалд “Хариуцагч нь НИК ХХК-ийн зөвхөн гаргасан зөрчилд холбогдох бараа буюу Аи-92 автобензин, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтад төлбөр тогтоох замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Магадлалын дагуу байцаагчид Аи-92 автобензин, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тогтоохоор болж тухайн үеийн дарга О.Магнайн тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Газрын тосны газар болон “НИК”-ээс холбогдох мэдээллийг авч судалсан боловч өөрсдөөс нь үл шалтгаалах шалтгааны улмаас цаг хугацаа их орсон. Учир нь торгуулийг дахин тооцож ногдуулахад шаардлагатай үндэслэлтэй, бодит мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргуулах нь төвөгтэй, удаашралтай, ажиллагаа ихтэй байжээ. Харин Т.Аюурсайхан нь даргаар ирэнгүүтээ энэхүү ажлыг хоёр жил саатуулсан хэмээн ахлах байцаагч Ж.Очирхуягийг ажлаас нь халжээ. Тэрээр “НИК”-д торгууль тооцох ажлын хэсгийн гол хүн байсан гэнэ. Голлох ажилтан нь халагдсанаар ажиллагаа бараг зогсжээ. Хэрвээ энэ асуудалд оролцох юм бол ажлаасаа халагдана гэсэн битүү айдас чимээгүйхэн тархсан гэнэ. Уг нь Ардын намаас ирсэн залуу дарга ажлыг эрчимжүүлэх тушаал гаргах учиртай баймаарсан. Энэ явдлаас үүдсэн том дайн сонгуулийн өмнө Т.Аюурсайхан, О.Магнай нарын хооронд дэгдэж байсан. “НИК”-д торгууль тооцох явдлын тухай АН-аас томилогдсон экс дарга хэвлэлийн хурал зарлаж байгаад “…НИК компанийн торгуультай холбоотой асуудал байгаа. Тухайн үед НИК компани бензин байсаар байтал дууссан гэж зохиомол хомсдол үүсгэж, иргэдийг бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Торгуультай холбоотой гурван шатны шүүх хурал болж, бид ялалт байгуулсан. Гэхдээ шүүхийн хамгийн эцсийн шийдвэр торгуулиа дахиж тооц, дахиж тооцохдоо зөвхөн А92 бензин түлшинд тооцоод, торгуулиа шинээр тавь гэдэг шийдвэр гарсан. Тухайн үед “НИК” компанийн удирдлага н.Халиунбат гэж хүн байсан шиг санаж байна. Халиунбатад “Надад тоогоо өг. Дахиж торгуулиа тооцмоор байна” гэдэг саналыг удаа дараа тавьсан ч тус компанийн зүгээс нэлээд хойрго хандсан. Өндөр хэмжээний торгуультай асуудлыг нэг хүн дангаараа шийдэх юм бол янз бүрийн хэл ам гарч болно гэдэг үүднээс би ажлын хэсэг гаргасан. Гэхдээ би ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж чадалгүй ажлаа өгсөн. “НИК” компани бол монополь компани. Гэтэл Т.Аюурсайхан ажлаа аваад уг компанийг монополь гэсэн ангилалаас гаргасан байсан. Ингээд тавьсан торгуулийг нь хүчингүй болгоод, тухайн ажлын хэсэгт байсан бүх хүнийг ажлаас нь халах маягаар асуудлыг шийдсэн. Ер нь та бүгд “НИК” компанийг ямар эзэдтэй вэ гэдгийг мэднэ. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Отгонбилэг гэж хүний хүүхдүүд болох О.Содбилэг нарын эзэмшдэг компани. Г.Аюурсайхан гэж нөхөр бол өмнө нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Эд нар бүгд нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигархи бүлэглэл" хэмээн мэдэгдэж байсан.