Шойгугийн татсан тува-монгол эмэгтэй Оросын гавьяат аврагч болжээ
Нийтэлсэн: 2016-08-25 02:46:28
.jpg)
Өдгөө Тувагийн аврагчдын багийг Ольга Даржаа гэдэг эмэгтэй удирдаж байгаа гэнэ. Тэрээр өөрийн биеэр 10 удаагийн эрэн хайх, аврах ажиллагааг удирдсан гэнэ. 1993 онд их сургууль төгссөний дараа Тувагийн Онцгой албанд нятглан бодогчоор ажиллаж байжээ. Хоёр жилийн дараа дарга тэтгэвэрдээ гарахад оронд нь хэнийг томилох вэ гэсэн асуудал гарсан. Тухайн үед энэхүү томилгоог хийхээр Онцгой байдлын сайд Сергей Шойгугийн даалгвараар тусгай төлөөлөгч Александр Курсаков ирсэн. “Хэдийгээр Тувагийн баг нь цомхон цөөхөн хүнтэй ч эрэгтэйчүүдийн дундаас тохирох хүн гарсангүй. Сайдтай ярицсаны дараа би Ольгаг судалсан. Түүнд дарга хүний бүхий л шинж чанар байсан. Харин өөрөө эхэндээ татгалзсан юм. Залуухан эмэгтэй өөрөөс нь ахмад эрчүүдийг удирдаж чадна гэдэгтээ мэдээж итгээгүй биз. Гэсэн ч би ятгаж гарлаа. Манай онцгойд Норильскийн аврах алба, Шушенскийн аврах багийн дарга гээд улсын хэмжээгээр хоёрхон эмэгтэй дарга бий. Харин чи гуравдахь бол гэсэн” хэмээн Курсаков дурсжээ. Ийнхүү Ольга Даржаа өдгөө 50 хүнтэй болтолоо өргөжсөн аврах багийн дарга болжээ. “Эхний жил л хүнд байсан. Би 1995 оны 5-р сарын 1-нд ажлаа авсан. Ердөө нөгөөдөр нь уулын гүн хавцалд 16 настай малчин хүү унасан. Сарын сүүлээр Нефтегорскд хүчтэй газар хөдөлт болсон. 12-р сард Кизылд 5 давхарт байшинд дэлбэрэлт болж хоёр давхар нь юу ч үгүй сүйрсэн. Бид тэр үед -40 хэмд өдөр шөнөгүй ажилласан” гэж Ольга ярьжээ. Мөн хавцлаас гаргаж авсан хүүгийн цогцсыг олон сар зүүдэлсэн гэнэ. “Аврах албанд ажиллах эмэгтэй хүн биеийн хүчнээс гадна сэтгэлзүйн маш их бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бараг хамгийн гол зүйл” гэжээ. Тэрээр өдгөө 20 жил албааа удирдаж байна. Шойгуг Онцгой байдлын сайдаас буухаас өмнө Оросын гавьяат аврагч гэдэг цол хүртжээ. Эмэгтэй хүний хувьд тэрээр аврагчдынхаа ар гэртэй их холбоотой байдаг аж. “Манай эрчүүдэд найдвартай ар тал хэрэгтэй. Хамт олныхоо дунд соёл хүмүүжил урлаг спортын арга хэмжээ их зохиож найрсаг нөхөрсөг уур амьсгал бүрэлдүүлэхийг зорьдог. Энэ 20 жилд манай хамт олонд гэр бүл салсан ердөө 2-хон тохиолдол гарсан” гэжээ.
NUUTS.mn
