Японоос машин оруулж ирэх нэрээр 520 сая төгрөг залилжээ
Нийтэлсэн: 2016-08-24 05:27:14

“Алтан харилцаа” ХХК-ийн ах дүү хоёр захирал болох С.Цэвэлмаа, С.Мягмардаш нарт 520 сая төгрөгөө залилуулсан хохирогч иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийтдээ 98 хүн тус компаний цахим хуудсаар дамжуулж нийт үнийн 30-60 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж, япон автомашин захиалжээ. Тэдний нэг нь л гэхэд доод тал нь 2 сая, дээд тал нь 40 орчим сая төгрөгийг автомашины захиалгын урьдчилгаа болгон тус компанийн захирал С.Цэвэлмаа, С.Мягмардаш нарын дансанд шилжүүлсэн байна. С.Цэвэлмаа, С.Мягмардаш нар тухайн иргэдэд “Автомашин нь ирж байгаа. Хил, гааль дээр гацчихлаа” гэх шалтгаан хэлж, хагас жилийн нүүр үзжээ. Тиймээс эл хэргийн хохирогч гэх нэгэн иргэн хуулийн байгууллагад 2016 оны тавдугаар сард хандсан байна. Ингээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж, хохирогчдыг тогтоон улмаар 2016 оны зургаадугаар сарын 15-ны өдөр С.Цэвэлмаа, С.Мягмардаш нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч сэжигтэн этгээдүүд шалгагдаж байх хугацаандаа 60 иргэнийг дахин залилсан бөгөөд компанийх нь үйл ажиллагааг зогсоогоогүй байсан талаар хохирогч иргэдийн нэг А.Алтангэрэл ярилаа. Тэрээр анх "Алтан харилцаа" компанийн цахим хуудсаар дамжуулж автомашин захиалсан. Цахим хуудастаа оруулж ирэх автомашиныхаа зургийг байршуулсан байдаг. Гэтэл энэ цэвэр луйвар байсан. Анх гэрээ байгуулахад 30-60 хувийн урьдчилгаа өгөөд 30-40 хоногийн дотор оруулж ирнэ гэдэг. Ингээд дараа нь уулзахаар худал шалтаг хэлж хойшлуулаад байсан. Намайг долоодугаар сард очиход автомашин гааль дээр ирсэн байгаа гэж хэлсэн. Гэвч энэ нь худлаа байсан. Энэ компанийн хувьд Япон болон гадаадын орнуудаас импортоор автомашин оруулж ирж зардаг компани юм билээ. 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оноос эхлэн үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэнэ. Одоо бид хуулийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж, хохирсон иргэдийг хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байгаа" гэлээ. Түүнчлэн хуулийн байгууллагынхан хэрэгт хайхрамжгүй хандан, хариуцлага алдсаны улмаас тэд асуудал үүсгэж буй иргэдээс зугтаж, дараагийн иргэдийг хохироохдоо өөр өөр байршил ашиглан төөрөгдүүлсэн гэх. Хэрэв хэргийг цаг тухайд нь таслан зогсоож чадсан бол хохирлын хэмжээ болон хохирогчдын тоо нэмэгдэхгүй байсан гэдгийг тэд онцоллоо.
НУУЦ.мн
