“Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” болно
Нийтэлсэн: 2016-08-16 16:25:36
“Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо болно. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд талууд өөр өөр сэдвийг онцлон хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ажил хэрэг болгохоор хамтран ажилладаг. Энэ удаагийн “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-д Монголын талаас Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МҮОНРТ, Монцамэ агентлаг, Монголын Сайтын холбоо, хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлагууд оролцоно. Харин Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах хэлтсийн дарга Улаан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Жан Чян болон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шиньхуа агентлаг, Хятадын Өдрийн сонин, Төвийн Ардын радио, ССТV, Өвөрмонголын Радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн”-ийн удирдлагууд оролцох юм.