Онгоцны ослоос амьд гарсан эр 7-хон хоногийн дараа сая доллар хожжээ
Нийтэлсэн: 2016-08-12 12:27:51
Бурхан тэнгэр хайр ивээлээ нэг хүртээвэл өгсөн шиг өгдөг аж. Даан ч бүгдэд нь биш юм. Мохаммед Башир Абдул Кадар гэдэг 64 настай энэтхэг онгоцны ослоос азаар амьд гарснаас хойш ердөө 7 хоногийн дараа сугалаагаар нэг сая доллар хожжээ. Дээр нь энэ бүх азын тэнгэр ивээсэн үйл явдлууд тэтгэвэрт гарахаас нь гуравхан сарын өмнө тохиосон гэхээр аргагүй л алтан халбага зууж төрсөн болж таарч байна. Арабын Эмиратын Дубай хотын нэгэн автосалонд ажилладаг тэрээр амралтаа тэсэн ядан хүлээсэн гэнэ.
Амралтаа авангуут төрсөн нутаг Энэтхэг рүүгээ яаран Дубайгаас Дели нисэх ЕК-521 чиглэлийн онгоцонд тийз захиалжээ. Гэтэл онгоц хөөрөх үед гэмтэл эвдрэл гарч улмаар хөлөг шатаж эхэлсэн.
Онгоц галан бөмбөг болон хувирахаас хэдхэн минутын өмнө 300 гаруй зорчигч нь амжиж гарсан агаад Мохаммед Башир Абдул Кадар хамгийн сүүлд гарсан хүмүүсийн нэг байжээ.
Тэрээр амьд гарсандаа Аллах тэнгэрдээ залбиран баярлаж долоо хоног ч өнгөрөөгүй байхад ахин бурхан гараа сунгасан гэнэ. Энэ удаад шатсан онгоцны тийзийн 0845 дугаараар Дубайн хамгийн алдартай хонжворт сугалаа болох Millenium Millionaire-аас 3.7 сая драхма бую нэг сая доллар хожжээ.
Энэтхэг эр Эмиратад 37 жил амьдрахдаа 17 удаа сугалааны тасалбар худалдан авснаас сүүлийх нь ийн аз авчирсан аж. Дээр нь энэ бүхэн нь хэдхэн сарын дараа тэтгэвэрдээ суух хөгшин эрд хувь заяаны том бэлэг гэдэг нь мэдээж. Гэхдээ Мохаммед Башир Абдул Кадар хонжворын мөнгөө буяны үйлсэд тэр дундаа төрсөн нутаг болох Тираванатапурам гэдэг хэл хугарам нэртэй хотынхонд зарцуулах гэнэ.
Хэрхэн ажиллахаа ч шийдсэн байна. "Би мөнгөө буян хандивын элдэв сангаар дамжуулахгүй. Тэднийг яаж ажилладагийг сайн мэднэ. Тэрний оронд би өөрөө тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй хүмүүсийг хайж олоод туслана. Мөн хотынхоо ядуу гэр бүлээс гаралтай чадварлаг авьяаслаг хүүхэд залуучуудыг дэмжинэ. Би өөрөө ядуу гэр бүлд өссөн тул ядуу байх ямар байдгийг сайн мэднэ" гэж ярьжээ.
NUUTS.mn