“Цахиур Дент”-ын эмч шүдэнд нь багажаа хугалснаа нууснаас өвчтөн хоёр ч хагалгаа хийлгэж эрүүл мэндээрээ хохирчээ
Нийтэлсэн: 2016-08-12 00:09:09
Баянзүрх дүүргийн 1-р хороонд “Цахиур Дент” гэдэг шүдний эмнэлэг ажилладаг. Тус эмнэлгийн эмч Ц.Анхцэцэг нь иргэн Т.Р-ын шүдний ёзоорын сувгийг нээх явцад т эмчлэгч багажны үзүүр нь хугарч сувагт үлдсэнийг мэдсээр байж энэ байдлыг засч эмчлэх ажиллагааг хийх ёстой байтал хийлгүйгээр түр ломбо тавьж өвчтөнийг явуулсан нь хугацаа алдаж үрэвсэлтэй суваг нь битүүрч доош идээлж үрэвсэн улмаар эрүү хэсэг рүүгээ үрэвсэл явагдаж эцэст хоёр ч хагалгаа хийлгэж эрүүл гурван шүдээ авахуулан сэтгэл санаа эрүүл мэнд, мөнгө санхүүгээр маш их хохирчээ. Энэ нь эрүүний зүүн хэсгийн эрүү, далавчны зай, амны хөндий ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны үрэвсэл зэрэг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл гэнэ. Болсон явдлын тухай хохирогч нь “…Сансарын тунелийн хойно байдаг “Цахиур дент” шүдний эмнэлэгт эмч Анхцэцэг нь эмчилгээ хийж байгаад ломбо тавина гэсэн. Тэгээд хоёр цаг орчим эмчилгээ хийгдээд болчихлоо дөрөв хоногийн дараа ирээрэй гэж хэлэхээр нь би энэ чинь өвчин орчихлоо лугшаад хатгаж өвдөөд байна гэсэн чинь та диклоденк уугаад оройхон тийшээ лаа хийчихээрэй, их өвдөөд байвал маргааш өглөө хүрээд ирээрэй гэж хэлсэн. Гэтэл үнэндээ багажны үзүүрээ хугалчихаад тэрийгээ авах гэж хоёр цаг намайг маш их өвтгөж зовоосон байсан. Зовиур харин ч ихсэсээр тэр оройдоо өвдөлтөндөө үсэрч, харайж муужрах дөхсөн. Арай гэж өглөө болгоод “Гялс”төвд үзүүлж зураг авахуулахад шүдний сувганд багаж хугалаад үлдээсэн байна, эмчлэх боломжгүй авахуулах хэрэгтэй гээд шүдийг маань хугарсан багажны үзүүртэй нь хамт авсан. Ингээд эмчлэгдэх боломжтой шүдээ авахуулсан. Суваг нь цаашаа идээлж бугласан тул 1-р эмнэлэгт эрүү нүүрний хоёр ч хагалгаанд орж гурван эрүүл шүдээ авахуулсан. Эмнэлэгт нийтдээ найм хоног хэвтсэн. Эмч Анхцэцэг багж хугаласнаа хэлэлгүй нуусан. Энэ хооронд надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй нэг ч төгрөгний туслалцаа үзүүлээгүй. Би асар их хохирсон” гэжээ. Хугарсан багажийг гаргаж авах эмчилгээг тэр дор нь хийхийн оронд маргааш ир гээд явуулсан нь гайхалтай. Бас л бөх зүрхтэй цагаан халаадтангууд аж. Ц.Анхцэцэгийн энэ хэрэгт эмнэлгийн захирал ч бас холбогдож байгаа гэнэ..Өвчтний шүдэнд багажаа хугалаад авах гэж хоёр цаг зовоосны дараа туршлагатай эмч Л.Загарзүсэм рүү ярьж хэлсэн гэдэг. Энэ тухайгаа “…үйлчлүүлэгчээ сандраад айчихвий гэж бодоод туршлагатай эмч Загарзүсэм рүү утсаар залгахад маргааш би багажийг гаргаад авъя гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн. Дараа нь “...Сувгаас багаж авч байгаагүй туршлагагүй эмчийн хувьд биөөрөө багажийг сугалж авахыг оролдоод гаргаж авч чадахгүй байсан. Би зургаа бариад Загарзүсэм эмч байхаар нь сувагт багаж хугалчихлаа гээд авсан зургаа үзүүлэхэд үүнийг гаргаж авах боломжтой, хэзээ хугалсан юм бэ гэхэд би авах гэж бараг цаг оролдсон гэхэд энэ хүнээ маргааш ирүүлээрэй, сувагт нь байгаа багажаа гаргаж авъя гэсэн. Би өрөө шинэ хүн учир энэ хүнд эхлэх үү, байх уу гэж асуухад гаргаж авах боломжтой учир хэлээд яах вэ, тэр хүн чинь хүндээр хүлээж авна гэсэн...” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд хоюулаа үгсэн багаж хугарсныг өвчтөнөөс нуусан болж таарч байна. Харин туршлагатай эмч захирал нь тэр үед эмнэлэг дээрээ байгаагүй гэдэг. Тэрээр “…Рэгзэнгомбын шүдийг эмчлэх үед би эмнэлэг дээрээ байгаагүй, тэр өдөр 18 цагийн үед эмнэлэг дээр очиход ийм байдал болсон талаар надад хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр “хронический периодонтит 36” гэсэн оношоор өвчтөнийг эмчилж байх явцад сувагт багаж хугарсан, тэгээд би эм тавиад өглөө ирүүлэхээр явуулсан гэж хэлсэн. Лавлаж асуухад нэг сурвалжийн сувганд багаж үлдсэн, бусад суваг нь бүрэн нээгдсэн, 15, 20-ыг оруулаад идээ шүүс нь бүрэн авагдаж эмийн бодисоор цэвэрлээд сурвалжийн сувгийн хөндийг бага зэрэг өргөсгөх гээд 30-ны багажийг оруулсан чинь үлдчихсэн, би өөрөө сувагт үлдсэн багажийг авах гэж оролдоогүй, тантай хамтарч авах санаатай өвчтнөө өглөө ирүүлэхээр төлөвлөөд зөвлөгөө өгөөд явуулсан гэж хэлсэн. Маргааш нь тэр өвчтөн өөрөө ирээгүй” гэжээ. Ингээд хохирогчийн буруу болж байгаа аж. Гэтэл өвчтөн тэр шөнө өвчиндөө шаналан босож харайж хашгирч орилж хоносон байна.
