“Монложистик Ворлдвайд” хулхидсан компаний захирлын машиныг нь аваад хашаа байшинг нь барьцаалжээ
Нийтэлсэн: 2016-08-09 23:54:56
Жижиг компани том компанийг хулхидах гэвэл хатуухан шан хүртдэгийг харуулсан хэрэг гарчээ. “Монложистик Ворлдвайд” олон ажилтантай том компани бол “Рапид лайн Транс” нь ганц хүний “бүрэлдэхүүнтэй” гэнэ. Гэхдээ ганц дайчин ганцаардадгүйг харуулж том компанийг хөнгөхөн хуурчихсан аж. “Монложистик Ворлдвайд”-ын ажилтан А нь болсон явдлын тухай “…манайхтай олон жил хамтарч ажилладаг Монхорус ХХК-д ажиллаж байхдаа зүс таних болсон Б гэдэг залуу хувийнхаа шугамаар буюу Мастер лифт компаний нэр дээр 18 ширхэг 40 тонн контейнер бараа Шанхай хотоос татуулна, танайхтай гэрээ хийж хамтарч ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Тээврийн хөлсөө гурван чингэлгээр нь буюу бөөнд нь тооцоо хийе гэж ярьж тохиролцсон. Тохиролцсоны дагуу гэрээний загвараа Б-ын мэйлээр нь явуулсан чинь захиралбайхгүй байна, захирлыг ирэхээр нь батлуулаад явуулъя гэж хэлсэн. Удаа дараа гэрээгээ шаардахад янз бүрийн шалтгаан тоочиж хойшлуулдаг байсан. Эхний 2 ширхэг 40 тонны чингэлэгтэй барааг тээвэрлэж авч ирээд буулгаж өгөхөд Б өөрөө ирж хүлээж авсан. 3 дахь чингэлтэй бараа ирэхэд нь Б нь 5 дахь өдөр байсан ба дүүгээ банк руу явуулсан, тээврийн хөлс төлсөнбаримтаа мэйл хаягаар чинь явуулах гэхээр интернет алга, би өөрөө очих боломжгүй байна, гааль манай барааг ил гаргаад тавьчихсан яаралтай ав гээд байна, манайх найдвартай төлбөрөө төлчихсөн, баримтаа маргааш заваараа хүргээд өгье эсхүл орой интернеттэй газарочоод мэйл хаягаар чинь явуулъя гээд байсан. Гуйгаад байхаар нь 4 дэх чингэлэгийн бараагаа захиалчихсан газар байгаа юм гэж санхүүдээ хэлээд гаргуулсан. Гэтэл 2, 3 хоног баримтаа явуулахгүй шалтаг хэлж хойшлуулаад байсан. Тэгж байгаад баримт явууллаа гээд над руу мэйлээр Төрийн банкинд төлсөн баримт явуулсан. Гэтэл санхүү мөнгө нь орж ирээгүй байна гэхээр нь Төрийн банк руу холбогдож тус баримтыг шалгуулахад хуурамч баримт байна, тус хоёр баримтаар 2 доллар ба 1000 төгрөг л шилжүүлсэн байна гэсэн. Тэр дор нь Б-той ярихад залгаж манай дүү тэгээд хийчихсэн байна, миний шилжүүл гэсэн мөнгийг дүү машин авах мөнгөндөө зарцуулчихсан байна, би дүүгээсээ олж авч чадахгүй байна гэж хэлээд 7 хоногийн дотор төлж барагдуулъя, хүлээж бай гэсэн. Уг хугацаа дуусмагц мөнгө олдохгүй байна уучлаарай, мөнгөн дүнтэй нь дүүцэхүйц эд хөрөнгө барьцаалж болох уу гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл ирэхгүй алга болсон…Б-тэй үгсэн тохиролцож шан харамж авсан зүйлгүй” гэжээ. Компани нь ажилтнаа сэрдсэн бололтой. Ийнхүү сэргэлэн эр том компаниар ажлаа хийлгээд төлбөрийг нь өөртөө авчихжээ. Харин “Мастер лифт” компанийхан “…Б-тэй Шанхайгаас өөрийн барааг зөөвөрлүүлэх гэж танилцсан. Төлбөрийг бартерээр хийж болно гэхээр нь Тоёота Рав-4 машиныг 24 бодож өгөөд, машины мөнгөн дээр 3.5 саяыг нэмэхээр тооцсон. Эхний контейнертэй бараа Хятадаас гарсны дараа над руу залгаад машинаа өгчих, авах хүн олчихлоо гээд байхаар нь би контейнер орж ирээгүй байхад өөрийн машинаа 24 саяд бодож зарна гэж хэлсэн. Тухайн үед машинаа зарсан мөнгөнөөс 6 сая төгрөг аваад явсан. Дараа нь гурван контейнер орж ирсэний дараа үлдэгдэл 3.5 саяыг бэлнээр өгсөн. Харин Монложистик Ворлдвайд-ийн хүмүүс ирээд бид барааг тээвэрлэж оруулж ирсэн, төлбөрөө авья гэхэд нь л манай барааг өөр компаниар тээвэрлүүлсэн болохыг мэдсэн” гэжээ. Өдгөө Монложистик Ворлдвайд нь 12 мянган доллар, сая гаруй төгрөгийнхөө өрөнд Рапид лайн-ы захирлын машиныг аваад хашаа байшинг нь барьцаалчихсан байгаа гэнэ.
