“Бодь даатгал” буриад иргэний талийгаач нөхрийн амь даатгалын нөхөн олговрыг өгөхгүй гэжээ
Нийтэлсэн: 2016-08-05 01:23:50
Монголын даатгалын том компани болох “Бодь даатгал”-д Ц.Н.Е гэдэг буриад эмэгтэй гомдолтой яваа аж. Түүний нөхөр нь Монгол Улсад ажлын шаардлагаар байнга ирж, очдог ОХУ-ын Буриад улсын нэрт археологич байсан гэнэ. Тэрээр 2013 оны 9-р сарын 30-ны өдөр “Бодь даатгал”-тай гэнэтийн ослын даатгалын гэрээг 365 хоногийн хугацаагаар байгуулж хураамжид 50 доллар төлжээ. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нөхөр нь Монголд томилолтоор ажиллаж байхдаа өвчний учир нас барсан. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан тул тус эмнэлгээс нас барсан тухай гэрчилгээ олгожээ. Уг гэрчилгээнд нас барсан хэлбэрийг өвчнөөр гэж тодорхой бичсэн. Ингээд “Бодь даатгал”-тай байгуулсан Даатгалын гэрээний 1-р зүйлд заасан даатгалын эрсдэл болох гэнэтийн өвчлөл гэдэг нөхцөл бүрдсэн, мөн даатгуулагч гэрээний хугацаанд нас барсан хохирсон тул талийгаачийн эхнэр нь нөхөн төлбөр гаргуулахыг хүсэхэд даатгалын компани татгалзсан хариу өгсөн байна. Үүнийхээ шалтгааныг даатгуулагчийг гэрээнд заасан эрсдэл болох гэнэтийн өвчлөлийн улмаас амь насаа алдсан гэж үзэхгүй, харин согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь насаа алдсан гэж тайлбарласан гэнэ. Гэтэл Улсын хоёрдугаар төв эмнэлгээс олгосон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, түүний өвчний түүх, эмгэг судлалын шинжилгээний протокол зэрэгт даатгуулагчийг өвчний учир нас барсан болохыг тогтоосон тул даатгалын тохиолдол бий болсон байна. Өдгөө талийгаачийн эхнэр нийтдээ таван мянган доллар нэхэмжилж байгаа аж. Харин “Бодь даатгал” нь даатгуулагчийг архины маш хүнд хордлого, түүний архаг хууч өвчнүүдийн нөлөөллөөр нас барсан, амь насаа хохироох нөхцөлийг даатгуулагч өөрөө бүрдүүлсэн, мөн эхнэр нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх бүхий этгээд биш хэмээн одоо болтол нөхөн олговор төлөхөөс татгалзсаар байна.
НУУЦ.мн
