Нацист залуугийн шивээсийг шүүх хурал бүрийн өмнө дарж будахаар шийджээ
Нийтэлсэн: 2016-07-31 00:36:41

Бүр энэ ажиллагааг гүйцэтгэх гоо сайханчын хөлсийг хүртэл шүүх гаргахаар болсон гэнэ. Daily Mail сонинд мэдээлснээр тангарагтнууд зэвсэгт дээрмийн хэргээр шүүгдэж байгаа 24 настай Бэйзид Морганы нүүрэн дээрхи шивээсийн талаар шүүхэд гомдол гаргажээ. Хэрэгтний нүүр нь нацист билэгдэл үгс болон Хитлерийн армийн шагнал болох төмөр загалмайн шивээсээр дүүрэх шахсан нь тангарагтнуудад таалагдаагүй гэнэ.

Иймд шүүхээс шивээсийг нь хуралдааны үеэр харагдуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг шаарджээ. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний эцэст хэрэгтний шивээсийг шүүх хурал бүрийн өмнө гоо сайхын тусгай будалтаар дарж будаж байхаар шийджээ. Ийнхүү нацист хэрэгтэн шүүх хурлын өмнө шүүхээс хөлсөлсөн гоо сайханчаар шивээсээ даруулж будуулаад хурлын дараа арилгуулж байгаа гэнэ.

