Хил гарахыг хориглосон хятадыг 2 саяар гаргасан ИХШХЕГ-ын хянагч Б.Амартүвшин гэж хэн бэ…
Нийтэлсэн: 2016-07-28 04:21:50
Монголын төрийн албан хаагчид, монгол хүүхнүүд хоёр л хятадуудын өмнө “хүчгүйддэг” аж. Саяхан Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны газрын дарга хятад иргэнд газар зараад 200 сая төгрөгийн хахууль аваад баригдсан бол Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газрын хянагч Б.Амартүвшин нь хил гарахыг хориглосон хятадыг 2 сая төгрөгний хахуулаар гаргаад баригджээ. Хятадын иргэн Жан Шуай, түүний хамтран амьдрагч В.Ганзориг нар нь шүүхээр тогтоогдсон 540 сая төгрөгийн өр төлбөртэй байжээ. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хятад иргэнийг хил нэвтрэхийг нь хориглосон. Хятад иргэн Монголоос мөнгө олдохгүй юм байна, би Хятадаас мөнгө олж ирье хэмээн хил гарах эрхээ нээлгэх гэж олонтоо хандсан ч төлбөрийн 50 хувиа эхлээд төл гэсэн шаардлаганд унажээ. Ийнхүү гуйгаад болохгүй бол “гуядаад” гарахаар шийдсэн гэнэ. Хятад иргэнд орчуулагч Оргил болон наймаа хийдэг В.Алтанцэцэг нар тусалжээ. Хээл хахууль зуучилсан В.Алтанцэцэг нь болсон явдлын тухай “...бараа татах гээд Замын-Үүдэд очсон байхдаа Жан Шуайтай тааралдсан. Жан Шуай нь орчуулагч Оргил гэх залуутай хамт түүний Бенз жийп маркийн автомашинтай явж байсан. ... Жан Шуайг Монгол Улсын хилээр гарсаны дараа орой ажил тарсан байхад Амартүвшинтэй уулзаж хоёр сая төгрөгийг 20 мянгатын дэвсгэртээр орчуулагч Оргилын Бенз Жийп маркийн автомашин дотор өгсөн. Би Жан Шуайгаас хахуулын мөнгийг өглөө нь хилээр гарахаас өмнө бэлнээр авсан байсан. Энэ мөнгийг хил гарсаны дараа шалгагч Амартүвшинд өгсөн” гэжээ. Харин хахууль авсан хянагч “...Алтанцэцэг эгч над руу 991178…дугаараас залгасан, ажил цуглахаас өмнө над руу ахиж залгаад уулзая гэхэд нь вокзал дээр машинтай зогсож байхад нь би очсон. Би Алтай эгчид та хүнээс мөнгө авчихаад алга болчихсон гэдгийг нь хэлэхэд эгч нь мөнгийг нь одоо өгнө, харин Жан Шуайгаас мөнгө авах ёстой юм, энэ хүнийг Хятад руу гаргах хэрэгтэй байна Монголд жоохон асуудалтай байгаа, гэхдээ зүгээрээ буцаад ороод ирнэ. Компьютерын бүртгэлд хилийн хориг тавьсан байгаа байх гэсэн. Би ажил руугаа ороод байж байхад 09 цаг өнгөрч байхад Жан Шуай нь орчуулагч Оргилын хамт ирсэн. Би Оргилыг бүртгээд Жан Шуайг компьютерт бүртгэлгүйгээр штампаа дараад гаргасан. Тэр орой ажил тарсаны дараа Алтай эгчтэй вокзал дээр машин дотор нь уулзаад хоёр сая төгрөгийг бэлнээр авсан” гэжээ. Тэрээр хахуульд авсан мөнгөөрөө түрээсийн байрны төлбөрөө төлсөн гэнэ.
NUUTS.mn
