Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр /2016.07.25/ иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардуулжээ Намбарын Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа аж.Харин Н.Энхбаярт зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудсаар АТГ-т бэлэн ирэхийг мэдэгдсэн ч дуудсан цагт хүрэлцэн очоогүй гэнэ.
Энэ үйл явцтай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр намын байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарласан юм. Тэрбээр “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно. Энэ байр сууриа АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй шинжтэй байсан. Өмгөөлөгчийн хувьд улстөрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гээн бичгийг өмнө нь явуулсан байсан. Өнөөдөр дахин явууллаа. Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна” гэлээ.
NUUTS.mn