“Солонгон энд майн”-ы захирал, зартай залилагч Ким Киман гэж хэн бэ…
Нийтэлсэн: 2016-07-25 01:26:19
Бид гадаадын хөрөнгө оруулагчдийгг бизнесийн соёлтой, ёс зүйтэй, чадварлаг бизнесмэнүүд байдаг гэж ойлгодог. Тэгвэл хөрөнгө оруулагчдийн ихэнхи нь тийм биш аж. Бизнесийн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Солонгон энд майн”-ы захирал Ким Киман нь Монголд олон жил амьдарч “хөрөнгө оруулахдаа” залилангийн аргаар ажиллаж иржээ. 65 настай энэ “уба” 2012 оноос эхлэн нутаг нэгт Кан Күүнээс “Зэвт дуулга” компанийг нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгож өгөхөд дансанд нь мөнгө байршуулах хэрэгтэй хэмээн 100 мянган доллар, “Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох Super 13М wc маркийн өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” хэмээн итгүүлэн 179 мянган доллар, мөн “Алтангэрэл гэгчээс НВС компанийг зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” хэмээн 200 мянган доллар гэх мэтээр нийтдээ 796.7 сая төгрөг, “Экспресс трейд”-ын Ш. Ганбатаас “Соосан” компанийн STD14 E маркийн тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн үнэ болох 135.4 мянган долларыг нь буцаан төлөлгүй залилан мэхлэх аргаар авч нийт 298.6 сая төгрөгийг нь завшжээ. Со өвөөгийн учруулсан нийт хохирол нь ийнхүү нэг тэрбум илүү гарсан байна. Компаний орчуулагч эмэгтэйн мэдүүлснээр Ким уба нь Солонгосоос уул уурхайн хуучин тоног төхөөрөмж оруулж ирэн зардаг байжээ. Гэсэн ч хуучин тоног төхөөрөмж нь хуучин л эд тул эвдэрсэн эсвэл буруу төхөөрөмж ирсэн гэх мэт хэрүүл байнга гардаг. Офисийн өрөөгөөр нь өдөр болгон шахуу мөнгө төгрөгөө нэхсэн хүмүүс ирж хэрүүл хийх тул ажиллахад ч бэрх гэнэ. Дээрээс нь шүүх цагдаагаас олонтоо дуудна. Ким Киман нь харилцагчдаа маш ялгаварлан ханддаг аж. Том компаний хүмүүс ирэхэд мөнгийг нь яаж ийгээд олоод өгдөг бол жижиг компанийхнийг залхтал нь явуулна. Сүүлдээ удаа дараагийн хэргүүд нь илэрэхэд нутаг буцмаар байна, тэгвэл ердөө гуравхан жилийн ял авна хэмээн ярьдаг болжээ. Энэ мэт байдлуудаас болж бизнес нь хаагдан офисийн түрээс, ажилтнуудын цалингийн өр нь нэмэгдсээр байхад зүгээр л сууж байдаг байжээ. Ким Киманд залилуулсан Кан Хүүн нь Солонгосдоо төмөр замын компанитай, Монголд төмөр зам барих ажилд оролцоно хэмээн ирсэн ч цаадах нь уул уурхай яриад толгойг нь эргүүлчихжээ. Гол хөзөр нь Б.Алтангэрэл гэгчийн Увсад байгаа баахан орд, уурхай лицензи байсан аж. Улмаар эдгээр уурхайг авсаны дараа ажиллуулахад хэрэг болно хэмээн итгүүлээд Кан Хүүнд өөрийн оруулж ирээд зарагдахгүй хэвтэж байсан өрөм гэх мэтийн баахан тоног төхөөрөмжийг шахчихсан. Олон лицензтэй гэх Б.Алтангэрэлийн тухай “Солонгон энд майн” компаний орчуулагч нь “…Алтангэрэл гэх хүн нь их олон компанитай олон лиценз эзэмшдэг байсан. Миний мэдэхийн 30 гаруй Х лиценз эзэмшдэг байсан. Харин энэ яригдаад байгаа зургаан лиценз нь бол лиценз гараагүй боловч гарна гэсэн АМГ-ын албан бичиг л байдаг юм. Энэ дотор зэсийн хайгуулын лиценз байгаа гээд яриад байдаг байсан. Энэ мөнгийг Алтангэрэлд өгсөн үгүйг мэдэхгүй. Миний мэдэхийн “Зэвт дуулга” болон “НВС” компаниуд болон хайгуулын лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх болоход Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг байсан. Жишээ нь Зэвт дуулга компанийг Кан Хүүн авахад захирал Амарсанаагийн эхнэрийнх нь нэр дээр байдаг боловч Алтангэрэл л ирж худалдах шийдвэр гаргасан. Миний ойлгосноор хайгуулын лиценз бүхий хэд хэдэн компани байдаг. Тэр болгоны захирал нь янз бүрийн хүмүүс байгаа гэх боловч Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг. Тэгэхээр тэр Х лицензтэй компанийн цаана Алтангэрэл байгаа гэж ойлгож байсан” хэмээн мэдүүлжээ.\үргэлжлэл бий\
