.jpg)
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН шинэ засгийн газраа бүрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраа байгуулах нь сонгуульд ялсанаас нь ч хэцүү байгаа бололтой. Ардын сонгуульд нэр дэвшүүлэхдээ олон алдаа гаргасны нэг нь офшорын хэрэгт холбогдсон Сү.Батболд, Д.Цогтбаатар нарыг нэр дэвшүүлсэн явдал байсан. Гэсэн ч АН-аас нүүрээ бууруулахаар нэгэнт шийдсэн сонгогч олон энэ алдааг нь өршөөж бүр офшор хоёрыг нь ялуулсан. Гэтэл өдгөө энэ хоёр эрхэм хоюулаа Гадаад хэргийн сайдад нэр дэвшиж байгаа бололтой. Хэрвээ эдний нэгийг сайд болговол гадаад тал ойлгож хүлээж авахгүй нь нэгэнт тодорхой. Дотооддоо монголчууд нь офшор хоёрыг сонгуульд ялуулж “уучилсан” ч бүхий л зүйл хууль журам, мөн хуулиас дутахгүй ёс сууртахууны өндөр хэм хэмжээгээр зохицуулагддаг гадаад орчинд сөрөг мэссэж болж очих нь ойлгомжтой хэрэг юм. МАН сонгуульд ялсанаар гадаад орчинд таатай уур амьсгал бүрдэж, хөрөнгө оруулагчдийн итгэл сэргэж бүр түүхий эдийн үнэ ханш өсөх хандлагатай болж байгаа тухай яриа дэгдсэн. Хэрвээ үнэн бол сайн л байна. Тэгвэл дөнгөж асаж байгаа итгэл найдвараа галаа гадаадад улс орноо төлөөлөх сайдад буруу хүнийг тавьж бөхөөхийн хэрэг байна уу... Офшорын хэрэгт холбогдсон бусад орны өндөр дээд албан тушаалтнууд огцорч эхэлсэн. Огцроогүй нэгнийх нь улстөрийн карьер одоогийн албан тушаалаар нь төгсгөл болж байна. Тэр тусмаа ГХ-ны сайд нь офшорын дуулианд нэр холбогдсон хүн байх нь шинэ Засгийн газрын нэр хүндэд төдийгүй Монгол улс шинэчлэгдэх процессд том дэвшил гарна хэмээн хүлээж байгаа гадаад орчны хүлээлтийг хөсөрдүүлэх хүнд хохирол учруулсан хэрэг болох аюултай юм.
НУУЦ.мн