Улсынх нь үндэсний шигшээ багийн ялагдал нь хөгжөөн дэмжигчдийг нь гомдоон бухимдуулаад зогсохгүй дасгалжуулагчид тамирчид нь хатуу шийтгэл хүлээснээр дуусдаг аймшигтай явдал юм. Хэрвээ тухайн орон дарангуйллын засаглалтай бол бүр ч аюултай.
Хойд Солонгос
Өмнөд Африкд болсон ДАШТ-д тун тааруухан тоглосоны дараа тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ким Чен Хуныг нутагтаа ирэхэд нь шууд баривчилж хөдөлмөрийн лагерь лүү явуулсан. Одоо ч гэсэн тэрээр өдрийн 12-14 цагийн хүнд хөдөлмөр хийн их удирдагчаа гонсойлгосон ялаа эдэлж байна. Португалийн багт 0:7 харьцаатайгаар хожигдсоныг нь төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзсэн. Үнэндээ багийн бүрэлдэхүүнийг тэр чигээр нь хорихоор зэхэж байсан ч ахлах дасгалжуулагч нь бүх бурууг өөртөө хүлээснээр залуус нь аврагдсан. Гэсэн ч тэдний цэргийн цол нь буурч тусгай хангамжаас хасагдан ахин намын болон цэргийн шугмаар дэвших боломж нь бүрмөсөн хаагдсан. Хойд Солонгосын удирдагчид муу тоглосон багаа шийтгэдэг нь шинэ зүйл биш. 1966 оны ДАШТ-д ¼-ийн шигшээ хүртэл сайн тоглоод аргагүй хожигдоод ирэхэд нь гоол хийснээс бусад бүх хөлбөмбөгчидийг бүгдийг нь хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх лагерьд явуулж байсан гэдэг.
Хятад
2013 онд шигшээ баг нь Тайландад 1:5 харьцаатайгаар бут ниргүүлсэн. Ялагдсан багийг нутагтаа ирэхэд нь уурссан хөгжөөн дэмжигчид нь автобусны замыг хаан элдвээр доромжилж юм шидэлсэн. Автобус нь арай гэж мултрахын цагт бөөн үймээн самуун дэгдсэн. Гэхдээ энэ нь багахан зүйл байжээ. Учир нь тайландуудад шившигтэйгээр хожигдсон өдөр нь Хятадын дарга Ши Зиньпины төрсөн өдөр байж таарсан тул их удирдагчийн баярыг нэгмөсөн гутаасан айхтар хэрэг дэгдсэн. Удалгүй хатуу арга хэмжээ шил дарагдан авагдаж хөлбөмбөгийн холбооны хоёр ерөнхийлөгч тус бүр нь 10 жилийн ял аван шоронд илгээгдсэн бол араас нь багийн ахлагчид найман жил хорих ял оноосон. Тоглолтын үеэр алдаа гаргаж гоол алдсан хэрэгт буруутгагдсан дөрвөн тоглогчид 3-5 жилийн ял өгсөн бол хаалгачид маш их хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан. Тоглогчдоос гадна Азийн шилдэг шүүгчээр шалгарч байсан шүүгч Лю Юн хомрогонд нь өртөж шүүгчийн эрхээ хасуулан бүх шагналуудаа хураалгасан гэдэг.
Нигери
Тус улсын ерөнхийлөгч Гудлак Жонотан нь Өмнөд Африкд болсон ДАШТ-д шигшээ баг нь хэсэгтээ сүүлийн байр эзэлсний дараа хөлбөмбөгийн холбоогоо 100 хувь сольсон. Өмнөх ерөнхийлөгчдийг нь улсын хөрөнгийг үрэн таран хийсэн хэргээр ялласан бол шигшээ багийг олон улсын тэмцээнд орох эрхийг нь хоёр жилээр хасаж байсан.
Орос
1952 оны Оимпийн тоглолтын үеэр ЗХУ болон Югославын багийн тоглолт Сталинд маш чухал байжээ. Учир нь тэр үед цуст дарангуйлагч болон Югославын удирдагч хоёрын зөрчил дээд цэгтээ тулаад байсан. Эхний тоглолтонд хоёр баг 5:5 харьцаатайгаар тэнцсэн бол дараахь тоглолтонд нь оросууд 1:3 харьцаагаар хожигдсон. Шигшээ багийг Москвад ирэнгүүт нь ахлах дасгалжуулагч Борис Аркадьев болон бусад гол тоглогчдийн спортын гавьяат мастер цолыг хурааж улсаас өгсөн байрнуудаа буцаан авсан. Шигшээ багийн үндсэн цөм болсон ЦСКА багийн удирдлага болон тоглогчдын 80 орчим хувь халагдсан гэдэг.
НУУЦ.мн