Ангарын барилгын хуурамч актын "захиалагч" нь “А-жэт лимитэд” үү “Эйр сервис нью” юу...?
Нийтэлсэн: 2016-06-20 04:25:46
Ийм нэгэн сонин асуулт алдарт Ангарын барилгыг тойрсон олон жилийн шуугианы дараа дэгдэж байна. Монголдоо анхных нь болох нисэх онгоц хадгалах засвар үйлчилгээ хийх зориулалттай байрыг авах гэж “Моннис”, “А-жэт лимитэд”, “Эйр сервис нью” гэх мэт том компаниудаас нь гадна УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн нэр хүртэл холбогдож явсан. Өдгөө сөргөлдөгч талууд эвлэрч шуугиан дуулиан зогссон гэсэн нь үгүй аж. Бас нэгэн том хэрэг үйлдсэн нь Ангарын барилгын өмчлөх эрхийн гэрчилгээний маргаан аж. Учир нь уг гэрчилгээ нь хуурамч болох нь “А-жэт лимитэд” “Моннис” нь хамтран “Эйр сервис нью” компаний захирал Д.Туулыг цагдаагаар шалгуулах үед илэрсэн гэнэ. Тэр даруйд нь НМХГ-аас лавлагаа авахад “... Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж 2007 оны 3-р сарын 15-ны өдрийн 121/2007 тоот актаар ашиглалтад хүлээн авсан гэгдэж байгаа Ангарын барилга нь 2007 онд улсын комиссоор хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан барилга байгууламжийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдье” гэсэн хариуг ирүүлжээ. Энэ нь тус барилгыг холбогдох байгууллагууд хүлээж аваагүй байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ аваад улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байжээ. Өдгөө шинэ эзэд нь хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулахаар хөөцөлдөж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан олгосон гэрчилгээгээ хүчинтэй хэмээн хамгаалсан нь мэдээж. Түүгээр ч барахгүй уг гэрчилгээг нь үндэслэн “Прогресс Капитал” ББСБ барьцаанд авчихсан байсан гэнэ. Улмаар Ангарын барилгыг дуудлага худалаагаар оруулж борлуулан мөнгөө гаргуулахаар шүүхийн шийдвэр гаруулсан зэргээр ерөнхийдөө нэлээд холион бантан болжээ. Хэргийн учгийг мэдэх хүний нэг “Эйр сервис нью”-гийн захирал Д.Туул нь “... Тухайн үед Улсын комиссын актыг худлаа байсан гэдгийг мэдээгүй. Яагаад гэвэл "А жет лимитэд"-ийн хүмүүс авчирч өгсөн, үүний дагуу л үнэн зөв гэж бодож явсан” гэжээ.Ангарын барилгын хуурамч акт гаргуулах ажиллагаа нь мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн гэнэ. НМХГ-ын эрчим хүчний улсын байцаагч Н.Насанжаргал, Нийслэлийн онцгой байдлын газрын барилга зураг төсөл хариуцсан улсын байцаагч Б.Баттулга нар нь Ангарын барилгыг 2007 оны 3-р сарын 15-ны өдөр 121/2007 дугаартай, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээн авсан мэтээр хуурамч актыг бусадтай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болжээ. Архивын ерөнхий газрын зураг төслийн баримтын төвд ахлах архивчаар ажиллаж байсан Д.Лхамсүрэн нь тус төвд хадгаламжийн нэгж болгуулахаар ирүүлсэн дээрх акттай холбоотой материалыг 2007 оны 3-р сарын 16-ны өдөр авч ирсэн мэтээр засварлан, огноог урагшлуулсан гэмт хэрэгт шалгагдсан ч мөн л хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон. Шалгалтаар Үндэсний төв архивын газрын зураг төслийн баримтын архивт хадгалагдаж байгаа дээрх барилгын барилга архитектур, барилга бүтээцийн ажлын зурагт “А жет лимитэд” -ийг “Эйр сервис нью” гэсэн цаасыг нааж өөрчилсөн байсан нь тогтоогджээ. Энэ хэрэгт “А-жэт лимитэд”-ынхан нэлээд шаргуу зүтгэж явна. Тэд Ангарын барилгыг зээлийн барьцаанаас гаргахын тулд “Прогресс капитал” ББСБ-ыг хохиролгүй болгох үүргийг өөртөө хүлээн бусдын өрийг хувиарын дагуу төлөөд эхэлжээ. Хэдийгээр Ангарын барилгын хуурамч гэрчилгээний хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид нэр усаараа тодорсон ч захиалагч нь илрээгүй нь гайхалтай...