ҮХОБанк торгуулиас салж “Могул ресурс” компани 482 саяын татварын өрөнд унасан хэргээс...
Нийтэлсэн: 2016-06-19 04:58:50
Монголд бизнесийнхэн хуулийн байгууллагаар заргалдаж байгаад татвараас бултах нь түгээмэл болж татварын байцаагч нарыг ганц зовоож байгаа гэнэ. Ялангуяа “Саусгоби сандс”-ын хэргээс хойш тавьсан акт болгонд шахуу шүүхддэг болж. Олон зуун сая төгрөгний татвар төлдөг банк санхүүгийнхэн энэ заргыг манлайлах болсон. Саяхан татварынхан “Шарын гол” ХК-ны 1.2 сая ширхэг хувьцааг арилжааны хөгшин морь шиг хоорондоо барьцаанд тавьсан наймаалцсан ҮХОБанк болон “Могул ресурс инк” компаний наймаанд оногдуулсан тэрбум илүүгийн татварын актаасаа талыг нь алдчихжээ. Банк өөрт нь оногдуулсан татварын актыг хүчингүй болгуулсан бол компани төлөхдөө тулж. Хувьцаа тойрсон барьцаа наймааны хэрэг явдал таван жилийн өмнө болсон ч саяхан л “хөндлөнгийн этгээд”-ийн гэх мэдээллээр татварыхны чихэнд хүрсэн гэнэ. “Зууны манлай заан“ Долгорсүрэнгийн үр хүүхдүүдэд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” харьяалагддаг. Банк зээлүүлдэг болохоос зээлдэггүй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ ҮХОБанк зээл авч байжээ. Зээлэх зээлэхдээ офшор бүс гэдгээрээ алдаршсан Виржини аралд бүртгэлтэй “Могул ресурс инк” гэдэг компаниас 2010 оны 11-р сарын 29-нд хоёр тэрбум төгрөгийг 21 сарын хугацааатай зээлжээ. Барьцаанд нь “Шарын гол” ХК-ны нэг бүр нь 3500 төгрөгийн үнэтэй 1.2 сая ширхэг хувьцааг тавьсан гэнэ. Гэрээний хугацаа дуусахад ҮХОБанк зээлээ төлж чадаагүй тул “Могул ресурс” 1.2 сая ширхэг хувьцааг нь эзэмшилдээ авч. Улмаар түүнээсээ 200 мянган ширхэгийг нэг бүрийг нь 16 мянган төгрөгөөр зараад л 3.2 тэрбумын ашиг олсон гэнэ. ҮХОБанк тухайн онд “Шарын гол”-ын 1.6 сая ширхэг хувьцаагаар нийт долоон зээлдэгчээс авсан 5,6 тэрбумын зээлийн өрийг хаажээ. Мөн банк өөрөө 400 мянган ширхэг хувьцааг “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-аар дамжуулан борлуулж 2,6 тэрбумын орлого олсон гэнэ. Энэ хэргийн халуун мөрөөр татварынхан 2014 онд орсон агаад ҮХОБанк, Виржини арлын “Могул ресурс инк”-ын хувьцаа барьцаалсан, өрөндөө өгсөн дараа нь борлуулсан хэргийг тухай мэдээллийг нэлээд нэхэл дагал боолж байж “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, “Шарын гол” ХК-иас гаргуулж авчээ. Гэхдээ гол мэдээллийг үл мэдэгдэх “хөндлөнгийн этгээд” өгсөн гэнэ. Үнэт мэдээлэл өгөгч “хөндлөнгийн этгээд” нь хэн байсан гэдэг нь сонирхол татаж байгаа нь мэдээж. Татварынхан том наймааны араас орсон тул хувьцаа барьцаалсан асуудлаас нь илүүтэйгээр хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг нь шалгаж. Гэсэн ч ҮХОБанк, Виржини арлын “Могул ресурс инк”-ийн аль нь ч татвар төлөөгүй байжээ. ҮХОБанк нь “Шарын гол”-ын 400 мянган ширхэг хувьцааг “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-аар дамжуулан борлуулж 2,6 тэрбумын орлогод нь 364,4 сая төгрөгийн нөхөн татвар, 109,3 саяын торгууль, 182,2 саяын алданги оногдуулж нийт 655,9 сая төгрөг төлөхийг шаардаж. Банк мэдээж үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй. Сүүлийн үед манай банкныханд татварын байцаагчдын оногдуулсан акт төлбөрийг төлөхгүй заргалддаг улмаар хүчингүй болгуулдаг нэгэн жишиг тогтоод байна. “Могул Ресурс Инк”-д ч хувьцаа худалдан борлуулсны 3.2 тэрбумын орлогод нь 243.4 саяын нөхөн татвар, 73 саяын торгууль, 121 саяын алданги тооцон нийт 438.2 сая төгрөгийн төлбөр ногдуулжээ. Өдгөө ҮХОБанк татварын байцаагчдын актыг хүчингүй болгуулсан бол Виржини арлын компани төлөхдөө тулаад байна. Банк 2010 онд 721 мянган ширхэг “Шарын гол”-ын хувьцааг үл маргах журмаар “Firebird Global Master Fund” компанид шилжүүлж. Мөн тэр ондоо “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” гэгчийн дагуу дагуу нийт 7 зээлдэгчийн 5,61 тэрбумын өрийг бас л “Шарын гол”-ийн 1,6 сая ширхэг хувьцаагаар хаажээ. 400 мянган хувцьааг “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-аар дамжуулан борлуулж 2,6 тэрбумын орлого олсноос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй гэсэн үндэслэлээр 364,4 саяын төгрөгийн нөхөн татвар, 109,3 саяын торгууль, алданги гээд нийт 655,9 саяын акт тавиулжээ. Дээр нь машин худалдан авахдаа хүн амын орлогын албан татвар суутган аваагүй гээд нэмүүлж. Банкны өмгөөлөгчид банк барьцааны гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлж чадахгүй тохиолдолд хэрэгжүүлэхээр байгууллагаас бус барьцаа хөрөнгийг өөрт шилжүүлэн авах, цааш нь түүнийг худалдах болон бусад хэлбэрээр ашиглаж, ашиг олох зорилго байдаггүй гэж маргаж. Мөн бусдад зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан бий болгохын тулд барьцаа хөрөнгийг нэр дээрээ түр шилжүүлж, улмаар түүнийг худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг барагдуулж байгаа банкны үйл ажиллагааг түүний хуулиар эрхлэхийг зөвшөөрсөн “зээл”-ийн үйлчилгээнээс тусад нь салгаж хувьцааг худалдан авч, бусдад худалдан борлуулсанд тооцож, хувьцаа үнэт цаас борлуулсан гэсэн үндэслэлээр татвар ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж зүтгэсээр татварын байцаагчдын актыг цуцлуулж чаджээ. Эцэст нь байцаагч нар хуулиар тогтоогоогүй орлогод татвар ногдуулсан хэмээн буруутгагдаж ҮХОБанкад ногдуулсан 655 саяын акт цуллагдсан. Харин Виржини аралд бүртгэлтэй “Могул ресурс инк”-д ийм аз дайрсангүй. Татварын улсын байцаагчид Монгол Улс, Улаанбаатар хотод байрлдаг тул Монгол Улсын татварын хуулийн дагуу татвар төлөх этгээд гэж үзжээ. Харин “Могул ресурс” нь Монгол Улсад бүртгэлгүй бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд аль нэг татварын албанд харьяалагдан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй гэж эсэргүүцэж. Бүр бид Монгол Улсын хуулийн этгээд биш харин ч Виржини арлын компани гэж “томорчээ”. Монгол Улс нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” том гэрээнд хамааргадах этгээд тул татвар төлөхгүй гэнэ. Энэ маргаан эхлээд ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөр орж. Бүр ГХЯ-наас “Могул ресурс”-ын бүртгэлтэй гэх Британий Виржин арал нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын харьяанд багтдаг эсэх талаар лавлагаа хүртэл авчээ. Яамнаас Виржин арал нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын харьяанд багтдаг боловч түүний нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг болдоггүй тул “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх” татвард хамаарахгүй гэсэн хариу ирж татварын байцаагчдын магнайг тэнийлгэж. Гайхалтай нь “Могул реурс инк”-ынхэн Монголын ГХЯ аль нэг улсын харьяанд багтдаг арлыг тус улсынх мөн эсхүл биш гэж дүгнэх эрх бүхий субъект биш бөгөөд яамны дүгнэлтээр тэрхүү арал нь тэр улсын харьяанаас гарах орох үр дагаврыг үүсгэхгүй гэсэн хариу бичиг шидэн татвар төлөхгүй хэмээн байдгаар эсэргүүцсэн ч нэмэр болоогүй гэдэг.