Оросын хөнгөн атлетикийн багийг Риогийн олимпод оролцуулахгүй
Нийтэлсэн: 2016-06-18 05:28:23
Австрийн Венад хуралдсан Олон улсын хөнгөн атлетикийн холбоо/ИААФ/-ны зөвлөл сарын дараа эхлэх Риогийн олимпод Оросын багийг оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн үндэслэл нь тус улсын шигшээ багийн 40 гаруй тамирчнаас сэргээш илэрсэн явдал юм. Хэрэг явдал саяхан дэгдэж байгаа бус юм. Өнгрсөн оны намар Олон улсын сэргээшийн хараат бус агентлаг ВАДА тамирчдынх нь дунд сэргээш хэрэглэх явдал хэт хавтгайрсан, зохион байгуулалттай шинжтэй болсон тул Оросын багийг олон улсын тэмцээнүүд тэр дотроо Олимпод оролцуулахгүй байхыг уриалж байсан. ИААФ үүний дагуу Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг түр түдгэлзүүлээд байсан юм. Гэтэл тус улс ВАДА-тай хамтран ажиллахын оронд үйл ажиллагаанд саад хийж эхэлсэн. Энэ тухай агентлагийн тайланд “... зарим нэр бүхий тамирчид оршин суугаа хаягаа санаатай буруу төөрөгдүүлж мэдээлсэн. Манай ажилтнууд хаягаар нь очиход тэр нь цэргийн анги байсан бөгөөд биднийг нэвтрүүлээгүй. Мөн нэр бүхий тамирчид нь шууд зугтаасан. Тэр ч бүү хэл тэмцээний дараа сэргээшийн шинжилгээ авах гэхэд хаяад зугтаасан 10 тохиолдлын баримт бидэнд байна” гэжээ. Агентлагийн тайлангаар 40 тамирчнаас сэргээшийн тохиолдол илэрсэн нь Оросын хөнгөн атлетикийн холбоо зохион байгуулалттай хэрэглүүлээгүй юм гэхэд сэргээшийн эсрэг тэмцэх хүсэл сонирхолгүй байгаа нь харагдлаа хэмээн ИААФ-ын зөвлөл үзэж тус улсын гишүүнчлэлийг сэргээх хүсэлтийг нь няцааснаар хойд хөршийн хөнгөн атлетикчид олимпод оролцох эрхгүй болжээ.